Хутагт, хувилгаадын өлгий нутаг, Их Богд Очирвааний орон Завхан аймгийн Улиастай хотоос Монгол орны дөрвөн зүг, найман зовхист гурав хоногийн туршид шидэт тарни, номын дуу эгшиглэлээ.
Аймгийн засаг даргын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт “Зөв амьдрах ухааныг дэлгэрүүлэх” зорилтыг дэвшүүлж, ард иргэдийнхээ сайн сайхан, гэгээн үйлсийн тухайд өнөө цагийн нэрт мэргэд, өгүүлэхийн ухааны сэтгэгчид, соён гэгээрүүлэгчдээр ном тавиулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлж эхлээд байгаагийн нэгэн үйл ажил юм.
“Чагдархорчингийн ван буюу Очирвааний их ван 2014” буян номын их ажлыг Аймгийн ЗДТГ , ИТХ, УБ хот дахь нутгийн зөвлөл , Бурхан шашинтны төв Төгс Буянт Жавхлант хийд хамтран амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Бурхны шашинтнуудын өнөө цагийн их ноён оргил, Жалханз хутагт Ч.Данзанчойжийванчүг гэгээнтний номын багш Цастын орны Ёнзон мэргэн буюу Ёндонжамц багштан , эрдэмт гавж лхарамбуудын нийт найман хүний бүрэлдэхүүнтэй буддагийн ариун номтнууд ирээд буцлаа.
Аймгийн Баруун бүсийн спорт сургалтын таван мянган хүний суудалтай хүрээлэн сүсэгтэн нараар бялхан нэгэн сэтгэлээр буян заяа, ажил үйлс, цог хийморь, хойч ирээдүй, үр хүүхдээ даалгаж, тарни номын гэгээ гэгээрлийг хүртлээ.