Халх голын ялалтын 75 жилийн ойн баяр, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
683 ХҮН ҮЗСЭН БАЙНА

XX зууны дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 1939 оны Халх голын байлдааны түүхт ялалтын 75 жилийн ойг Завхан аймгийн Засаг дарга, ЗДТГ, аймгийн ҮАБ-ыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд хамтран тэмдэглэлээ. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Засаг дарга Ж.Жамъянтив, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харъяат ахмад дайчин С.ГАЛСАН, Завхан аймгийн Улиастай сумын харъяат ахмад дайчин Г.ГООДРОГ, Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат С.ТҮМЭНБИЛЭГ, Завхан аймгийн Цагаанчулуут сумын харъяат Л.ЖИГЖСҮРЭН, Завхан аймгийн Ахмадын хороон дарга Дэчинсамбуу, аймгийн ҮАБ-ыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд болон бусад албан хаагчид оролцлоо. Түүнчлэн Завхан аймгийн Алдархаан сумын харъяат Монгол Улсын баатар, армийн генерал Батын Дорж агсаны хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхлэж аймгийн ҮАБ-ыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ёслолын жагсаал, зэвсэг техникийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.

    

Дээрх арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив үг хэлж, Халхын голын байлдааны ялалтын яруу алдарт 75 жилийн түүхт ойн халуун баярын мэндчилгээ дэвшүүллээ.  Мөн ойн хүрээнд  ахмад дайчдад хүндэт тэмдэг, аймгийн Засаг даргын гарын бэлэг гардуулав. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 16 ахмад дайчин амьд сэрүүн аж төрж байна.

2014-08-29 15:58:02