9 сарын 1-ний энэ өдөр Завхан аймагт МУИС-ийн Завхан сургууль, Хөгжим бүжгийн коллеж, МСҮТ, ЕБС-ийн 5 сургууль, 9 цэцэрлэг 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж оюутан сурагч, алдрай бяцхан үрсээ хүлээн авч үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна . Харин Засаг дарга Ж.Жамъянтив МУИС-ийн Завхан сургууль, Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтүүдэд оролцож, үг хэллээ.
Тэрээр Аймгийн боловсролын газраас 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг “Боловсролын шинэчлэл-оновчтой санаачилга” жил болгон зарласныг үйл ажиллагаандаа чиглүүлэн тусгах, оюутнуудад хичээл номдоо шамдан суралцаж, амьдралын их аянаа амжилттай эхлүүлэхийг хүсч, хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун баяр хүргэв.Тус сургуулийн зүгээс хамгийн өндөр оноотой дөрвөн оюутанд шагнал гардуулж, оюутнууд тангараг өргөж, сүлд дуугаа хамтран дууллаа. Мөн МУИС-ийн Завхан сургууль барилгадаа их засвар хийж, гадна тал, анги танхимаа шинэчлэн шинээр элсэгч оюутнуудаа хүлээн авч, анги даасан багш нарт нь хариуцуулж өгсөн юм. Их засварын ажилд Засаг даргын тамгын газар орон нутгийн төсвөөс 176 сая төгрөгийг пасат буюу гаднах засварт зориулан олгосон байна.