Сайн байна уу сайхан намаржиж байна уу? Удахгүй өвөл боллоо. Манай аймаг өвөлд бэлэн үү?
-Сайхан намаржиж байна. Манай аймаг мал өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрт эхэлсэн. Өнгөрсөн хавар аймгийн Засаг даргын албан даалгаварт тодотгол хийж хүргүүлсэн байгаа. Аймгийн хэмжээнд өнгөрсөн жилийн мал тооллогоор хоёр сая 500 мянган мал тоологдсон. 900 мянга гаруй төл хүлээж авсан байгаа. Энэ жил хоёр сая 900-аад мянган мал өвөлжих урьдчилсан тооцоо хийгдээд байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил зарим газар хүндэрч болзошгүй байна. Хур бороо эрт орсон. Намар нилээн эрт боллоо. Ялангуяа найман сард хур бороо бага байснаас болж өвс ногоо эрт онгож гандсан байна. Бэлчээрийн ургамлын гарц харилцан адилгүй байна. Ялангуяа Тэс, Цэцэн-Уул, Сонгино сумын нутгаар бэлчээрийн өвс ургамлын гарц тааруу байгаа учраас өвөлжилт хүндэрч болзошгүй байдалд байна.
Өвөлжилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
-Сумдын Засаг дарга нарын дунд зөвлөгөөн хийсэн. Аймгийн Засаг даргын зөвлөхүүд, мал аж ахуйн туршлагатай хүмүүс 36 зүйлтэй зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийг багийн дарга нарт хүргүүлж нийт малчин өрхөд сурталчилгаа мэдээлэл хийсэн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх, зөвлөмжинд тусгагдсан ажлыг зохион байгуулах ажлууд хийгдээд явж байна. Иргэдийн өвс, хадлан тэжээлийн бэлтгэл зарим суманд тааруу байна. Ялангуяа Тосонцэнгэл, Цэцэн-Уул сумдад өвөлжилтийн бэлтгэл ажлыг тааруу хангасан байна. Сумдын аюулгүйн нөөцийг 100 хувь хангаж чадаагүй байна. Засгийн газрын тогтоолоор заасан аюулгүйн нөөцийг нилээн сайн бүрдүүллээ. Ер нь бол иргэд өөрийнхөө гар дээр бэлтгэсэн өвс тэжээлийг цаг агаар хүндрэх тохиолдолд хэрэглэнэ. Дараа нь сумын нөөцийг хэрэглэж дууссан тохиолдолд аймгийн аюулгүйн нөөцийг хэрэглэнэ. Аюулгүйн нөөц дууссан тохиолдолд улсын аюулгүйн нөөцийг хэрэглэх горимтой байдаг. Улсын нөөцийн өвс тэжээлийг шаардлагатай цэг салбаруудад татан байршуулах ажил хийгдэж байна. Хөдөөгийн нилээн олон багт бид ажиллаж газар дээр нь ард иргэдийн санаа бодлыг сонслоо. Энэ өвөл жаахан хүйтэн амаргүй өвөл болох төлөвтэй. Гэхдээ бүр яахаа барсан зуд турхан болохгүй байх. Өвөлжилтйин бэлтгэл ажлаа сайн хангаж чадах юм бол энэ өвлийг хохирол багатай давах бололцоотой гэж хашир малчид өгүүлж байна. Ер нь аймгийн төр захиргааны байгууллага сүүлийн хоёр сар мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч ажиллалаа.
Малчид хилийн зурвас, тусгай хамгаалалттай газрууд руу мал оруулах хүсэлтээ Байгаль орчны яам, Хөдөө аж ахуйн яаманд тавьсан байсан. Хэрхэн шийдэгдсэн вэ?
-Хилийн зурвас, тусгай хамгаалалттай газрууд руу мал оруулах гэрээ хэлцлийг Байгаль орчны яам, Хөдөө аж ахуйн яаманд тавьсан. Хөдөө аж ахуйн яаманд зарим гантай нутгуудад гангийн судалгаа хийлгэх санал хүргүүлсэн байгаа. Яамны зүгээс энэ чиглэлийн тодорхой ажлыг зохион байгуулаагүй байна. Байгаль орчин ногоон хөгжлийн яам бидний тавьсан саналыг шийдвэрлэж тусгай хамгаалалттай газар нутагт мал оруулах зөвшөөрлийг өгсөн байгаа.
Хөрш зэргэлдээ аймгуудын нутагт болон отроор өвөлжих малын судалгаа хийгдсэн байх?
-Бид хөрш зэргэлдээ аймгуудын нутагт өвөлжих малын тоон судалгааг хийж аман ярианы түвшинд хэлэлцээр хийж байна. Завханмандалын отрын бүс нутагт мал өвөлжүүлэх талаар бүс нутгийн захиргаа, тэнд мал оруулах сумдын удирдлагыг цуглуулж аймгийн Засаг даргын орлогч ахлан ярилцсанаар отрын бүс нутаг руу 100 гаруй мянган мал оруулах тооцоо, тохиролцоонд хүрсэн байгаа. Бүс нутгийн бэлчээрийн ургамлын гарц гайгүй байгаа. Тус бүсэд хэт олон мал оруулах юм бол бэлчээр талхлагдаж, орсон маландаа ч хүндрэл учруулж болзошгүй учраас бэлчээрийн даац, хүлээж авах чадварт нь тааруулж мал өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Аймгийн хэмжээнд хөрш зэргэлдээ сумдадаа мал өвөлжүүлэх талаар харилцан яригдаж байна. Хашаа хороо, худаг усаа янзлах, хадлан бордоогоо сайтар бэлтгэх, хужир шүүгээ хамаж бөөгнүүлэх гээд малчдын жил тутам хийдэг бэлтгэл ажлыг үр дүнтэй хийх ёстой. Яг одоо мал үржлийн улирал болсон байгаа. Хээлтүүлэгчийг сойх, угааж арчлах, намрын паразит өвчнөөс нь салгах, туулгалт, мал эрүүлжүүлэх ажлын хүрээнд зөвлөмжөөр нилээн олон үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл мал өвөлжүүлэх талаар бидний зүгээс шалтгаалах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Өнгөрсөн хоёр жилийнх шиг төдийлөн их хохирол үзэхгүй онд мэнд орчих найдвар байгаа гэж үзэж байна.
Төв суурин газруудын уурын зуухнуудын өвлийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ? Энэ жилийн нүүрс таталт хэдэн хувьтай явагдаж байна вэ?
-Төв суурин газрын бэлтгэл ажил бол жичдээ асуудал юм. Могойн голын нүүрсний уурхай, хөрс хуулалт боломжийн түвшинд нүүрс нийлүүлэх бололцоотой байгаа. Зарим аж ахуйн нэгжүүд өр төлбөртэй байна. Энэ өр төлбөрөө төлж, нүүрсээ татаж авах ажлаа өөрсдөө хариуцах ёстой. Түүнээс биш банкнаас зээл авч өгөх, төсвийн байгууллагуудын татаасыг урьдчилж өгөх, зохицуулалт хийх зэргээр төр оролцохгүй. Нэгэнт албан байгууллагуудыг халаана гээд хувийн менежмент, хувийн хэвшилд шилжсэн л бол уурын зуухнууд өр төлбөрөө төлж, өвлийн бэлтгэлээ хангах ажлаа өөрсдөө хийх ёстой. Энэ ч утгаар шахаж шаардаж байгаа. Зарим нэг уурын зуух нүүрсний уурхайд ихээхэн өр төлбөртэй байна лээ. Мөн төсвийн байгууллагуудаас авсан мөнгөө өөр зүйлд зарцуулах асуудал байгаа. Тиймээс зах зээлийн зарчмаар мөнгөө нийлүүлээд нүүрсээ татахад анхаарах ёстой.
Энэ өвөл эрчим хүч хэвийн байх уу?
-Манай аймаг Улиастай Эрчим хүч компанийг татан буулгаад төрийн өмчийн Алтай Улиастай Эрчим хүчний системд нийлүүлсэн явдал нь оновчтой, зөв шийдвэр байжээ гэдгийг харуулж байгаа. Эрчим хүчний талаасаа шугам сүлжээний засвар үйлчилгээ, осол аваарын нөхцөлд ажиллах дизель станцуудын бэлэн байдалтай саяхан бид танилцсан. Нилээн сайн хангагдсан. Ер нь төвийн эрчим хүчний системээс эрчим хүчний таслалт төдийлөн гарахгүй, шугам сүлжээ сайтар засагдсан учраас эрчим хүч цахилгаан талаас асуудал бага дагуулна гэж ойлгож байгаа.
Улиастайд ажиллаж байгаа дизель станцуудын талаар?
-Улиастайд цөөн хэдэн дизель станц ажиллаж байна л даа. Ер нь дизель станцыг ажиллуулаад байх шаардлагагүй. Нэг кв цаг эрчим хүчийг 80 төгрөгөөр борлуулж байгаа. Дизель станцаар үйлдвэрлэж байгаа эрчим хүч бол 10 дахин их буюу 800 төгрөгийн өртөгтэй. Тэгэхээр энэ нь асар их алдагдалтай үйлдвэрлэл байгаа биз дээ. Яагаад ганц хоёр дизель станцыг байлгаад байгаа вэ гэхээр төвийн эрчим хүчний системд гэмтэл гарч эрчим хүч цахилгаан тасалдах, аймгийн төвийн уурын зуухнууд эрчим хүчний эх үүсвэргүй болж хот тэр аяараа хөлдөх аюул тулгарч болзошгүй учраас сэргийлэх үүднээс ажиллуулж байгаа. Өөрөөр хэлбэл томоохон дизель станцыг аваарын нөхцөл байдал үүсэхэд шууд асаах боломж байдаггүй. Үйлчилгээ хийгдсэн, дизель станцыг байрлуулсан сав, заал танхим нь дулаан байх ёстой учраас цөөн тооны дизель станц ажиллаад дизель станц байрлуулсан савнууд дулаан хангамжтай байх хэрэгтэй. Аль ч дизелийг асаасан бэлэн байх ёстой гэдэг үүднээс л бид дизель станцыг байлгаад байгаа юм. Сумдад ч ялгаагүй. Гэхдээ сумын дизель станц бол усан хөргүүр зэрэг нарийн зүйлгүй учраас осол аваарын байдал үүсэхэд эрсдэлд орох нь бага л даа. Зарим нэг төвлөрсөн халаалттайгаас бусад газрууд нам даралтын уурын зуухтай учраас эрчим хүчнээс хамаараад тухайн сум хөлдөөд байх асуудал байхгүй.
Тэлмэн суманд баригдаж буй дулааны станцын ажлын явц хэр ахицтай байна вэ?
-Ер нь Тэлмэн суманд дулааны станц барьж байгуулах ажил улс орны эдийн засаг муудсантай холбогдуулаад 20 жилд барих, ашиглах, шилжүүлэх концессоор барих нөхцөлөө хөрөнгө оруулагч тал эргэж харж байна. Олон улсын аудитын компани үүнд үнэлгээ хийж дүгнэлт гаргана. Уг дүгнэлтээ харж байгаад хөрөнгө оруулах эсэхээ шийдэхээр байдалтай байх шиг байна. Явж байгаа аливаа төсөл хөтөлбөрүүд нилээн царцаж, зогсож байгаа. Энэ нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлын чадамж муутай холбоотой юм. Тэгэхээр төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил албан байгууллагуудтай ч холбоотой. Дулаан алдагдалгүй байх, байшин барилгаа сайтар дулаалах нь чухал байна.
Аймгийн төвийн айл өрхүүдэд дулаан баригчийн төсөл хэрэгжиж байна. Энэ ажил хэр үр дүнтэй явагдаж байгаа вэ?
-Саяхан Улиастай сумын тавдугаар цэцэрлэг дээр Швейцарийн хөгжлийн агентлаг, Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг хамтраад дулаалгын төсөл хэрэгжүүлсэн байгаа. Тэвнийн чинээ нүхээр тэмээн чинээ жавар орно гэдэг учраас байшин барилгын дулаан, цонх хаалганы дулаалга, айл өрх, иргэдийн зүгээс зохион байгуулах ажил ч их байгаа. Энэ ажлаа албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд өөрсдөө санаачилж зохион байгуулах ёстой. Аймгийн төвийн айл өрхүүд ихэнхидээ мод, багахан хэмжээний нүүрс түлж байна л даа. Тийм учраас бид дулаан баригчийн төсөл хэрэгжүүлж байна. Олон улсын байгууллагатай хамтарч Улиастай хотын гэр хорооллын ханан пийшингүй зүгээр зуухтай байшин, гэрт амьдардаг 2500-аад өрх гэрүүдэд дулаан баригчийн төсөл хэрэгжүүлж байна. Уг дулаан баригчийг зуухныхаа хүхээгэн дээр нэмж байршуулснаар гэрт түлсэн түлшний илч яндангаараа утаатай хамт гаралгүйгээр дулааныг аль болох удаан хадгална. Энэ хэрээрээ түлшний зарцуулалтыг ойролцоогоор 40 хувь багасгах ёстой. Машин мод түлдэг айл бол тухайн модныхоо хагасаас илүүг түлж онд тавтай орох боломжтой. Тодруулбал, тухайн айл өдөрт 10 удаа галладаг байсан бол зургаан удаа галлах жишээтэй. Энэ бол ард иргэд, өрх рүү чиглэсэн арга хэмжээ юм. Үүнийг аймгийн Засаг дарга санаачлан олон улсын байгууллагатай гэрээ хэлцэл хийн ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд 30 гаруй хүнтэй үйлдвэр баригдсан байгаа. Иргэдийн дунд 30 гаруй хүний ажлын байр бий болгоод үйлдвэрлэл явуулж байгаа ба ажилчид нь өөрсдөө яваад суурилуулаад өгч байгаа. Төслийн байгууллагаас 80000 төгрөг, аймгаас 30000 төгрөг гарч байна. Ер нь иргэдээс 24000 төгрөгний зардал л гарч байна. Өнөөдрийн байдлаар энэ дулаан баригч төхөөрөмжийг 2000-аад өрхөд тавилаа. Энэ төсөл нь өрхийн амьжиргаанд дэм болох, ядуурлыг бууруулах, түлшинд зарцуулж байсан хөрөнгө мөнгөө багасган өөр зүйлд зарцуулах зэрэг давуу талууд олон бий. Мэдээж түлшний зарцуулалт багасч байгаа учраас утаа тортогийн хэмжээ багасч байгаль хамгаалалд эерэг нөлөө болно.