Монгол улсын Ерөнхий сайд агсан Жалханз хутагтын 20-р дүр Цэрэнсодномын Дамдинбазарын түмэн өлзий гийсний 140 жилийн ой, Номч мэргэн егүзэр, Цорж, Самади багш, Дэмчиг бурханы хувилгаан Дилов хутагтын 7-р дүр Баашлуугийн Жамсранжавын түмэн өлзий гийсний 130 жилийн ойг тохиолдуулан Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн санаачилга, дэмжлэгээр хутагтуудын гэрэлт дүр, хөшөө дурсгалыг буурал хот Улиастайн төв хойморт сүндэрлүүлж, нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр сайхан боллоо. Засаг дарга Ж.Жамъянтив уламжлуулан хэлсэн үгэндээ XX зууны Монгол төрийн зүтгэлтэн, бурхан шашны томоохон төлөөлөгч энэ хоёр эрхэм хүмүүнийг төр, түүх, түмэн олон ой санамжиндаа үеийн үед үл мартан дурсаж, бахархан дуурсах гэгээн үйлсийн үнэлэмж болгон өнө мөнхөд алдаршуулах учиртай гэдгийг онцлов.
Энэхүү нээлтэд ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, ИТХ-ын дарга Б.Отгонбаатар, Засаг даргын орлогч Ч.Пунцаг, МХГ-ын газрын дарга П.Батсайхан ,” Эрдэнэт” үйлдвэрийн хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн орлогч захирал , Яруу сумын уугуул Б.Намхайнямбуу, “Жем интернэйшил” компаны ерөнхий захирал , Цагаанчулуут сумын уугуул Ц.Цэрэнпунцаг, Эрдэнэт хотын “ Бүтээл “ компаны захирал, Түдэвтэй сумын уугуул Г.Баярцогт, Монгол улсын гавьяат жүжигчин ерөөлч, туйлч, Нөмрөг сумын уугуул Г.Явгаан , “Апу “ компаны санхүү хариуцсан дэд захирал, Баянхайрхан сумын уугуул Б.Түвшин , Хийдийн хамба, лам нар, Улиастай сумын иргэд, хөдөлмөрчид оролцлоо.
Жалханз хутагт С.Дамдинбазар Дилов хутагт Б.Жамсранжав нарын хөшөөг “Чандмань чулуу” ХХК-ын сийлбэрч, уран барималч О.Мягмарсүрэн болон компаны бүтээлч хамт олон 60 хоногийн туршид хөдөлмөрлөж бүтээсэн байна. Аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын нэрийн өмнөөс Төр шашны нэрт зүтгэлтэн Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Б.Жамсранжав нарын хөшөө дурсгалыг мөнхжүүлэхэд оюун санаа, хөрөнгө санхүү, сэтгэл зүрхээ зориулсан Зол жаргалын Завхан нутгийнхаа, уугуул ,суугуул иргэд, хөдөлмөрчиддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.