Аймгийн Засаг даргын тэргүүлдэг "Хүүхдийн төлөө зөвлөл"-ийн ээлжит хуралдаан 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ХГБХХ-ийн "Сургалтын танхим"-д болов. Хурлын эхэнд "Хүүхдийн төлөө зөвлөл"-ийг шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан Аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулж, гишүүдийн Үнэмлэхийг гардуулав. Энэ удаагийн хурлаар ХТЗ-ийн дүрэм, гишүүдийн чиг үүргийг шинэчлэн батлав. Шинэчилсэн дүрмээр зөвлөл нь дэргэдээ дараах 3 дэд зөвлөлтэй байхаар болов. Үүнд:
1. “Хууль зүйн дэд зөвлөл”
2. “Хүүхэд, гэр бүлийн эрх, хамгааллын дэд зөвлөл”
3. “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн дэд зөвлөл” тус тус болно
Мөн хурлаар Завхан аймгийн хэмжээнд хэрэгжиж буй Хүүхдийн хөгжил, төлөвшилд чиглэсэн олон төсөл, хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэв. Аймгийн хэмжээнд “Хүүхдийн хөгжлийн гурван тулгуурт бодлого” /Шатар, морин хуур, компьютер/, “Зөв Завхан хүүхэд дэд хөтөлбөр”, “Эрүүл мэндийн эрс шинэчлэл дэд хөтөлбөр”, “Өсвөр үе, Залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Соён гэгээрүүлэх хөтөлбөр” зэрэг олон хөтөлбөрүүд хэрэгжин хүүхдийн хөгжил, нийтийн сайн сайханд ихээхэн үр өгөөжөө өгч, үндэсний хэмжээнд ч загвар болсныг дурдав. Тухайлбал, 999 болон 2222 морин хуурч хүүхдийн тоглолт, 10000 шатарч хүүхдийн тоглолт зэргийг тодотгон дурдаж болно. ЗАВХАН аймаг “Хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг” санаачлагыг эхлүүлж, түүнийг үлгэрлэн хэрэгжүүлэгч аймаг болох зорилтыг дэвшүүлж байна. Уг санаачлагын хүрээнд Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүссэний 90 жилийн ойг тохиолдуулан “Хүүхдийн Төлөө ЗА гэж хэлцгээе” сэдэвт нэг жилийн уралдаант аяныг аймгийн хэмжээнд өрнүүлэн ажиллахаар болов.