Улсын “Сэтгэх чадвар”, “Биологи”, “Хими”- н олимпиадын хоёрын даваа өндөрлөлөө
672 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2015 оны 03-р сарын 26-27-ны өдрүүдэд улсын төрөлжсөн олимпиадуудын хоёрын давааг аймгийн Боловсрол соёлын газраас Улиастай сумын Чандмань-Эрдэнэ үндэсний лаборатори сургууль, бүрэн дунд 3-р сургуулиуд дээр тус тус зохион байгууллаа. Монголын Оюуны чадварын IQ төвөөс сурагч багачуудын сэтгэх чадвар, оюун ухааныг хөгжүүлэхийн төлөө идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж байгаа Тосонцэнгэл сумын 2-р бүрэн дунд сургуулийн багш Ж. Алтанцэцэг, Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн багш Х. Эрдэнэсайхан, Идэр сумын бүрэн дунд сургуулийн багш Ч. Оюун нарыг БНХАУ-н Бээжин хотод аялах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа. Оюуны хөгжил IQ хичээл заадаг багш нарын “Бүтээлч багш-2015” уралдаанд сургуулиудаас шалгарч ирсэн багш нар бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, тэргүүн байранд Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн багш Н. Болормаа шалгарч, улсын уралдаанд оролцохоор боллоо. 2-р байранд Дэвшил сургуулийн багш Хишигжаргал, 3-р  байранд Улиастай сумын 3-р бүрэн дунд сургуулийн багш О. Даваазул нар шалгарлаа.

Сэтгэх чадварын улсын олимпиадын хоёрын  даваанд 3-12-р ангийн 194 суралцагч оролцож, ангилал тус бүрийн аваргууд тодорсны дотроос 10-11-р ангийн ангилалд Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн 11-р ангийн суралцагч Б. Гончигдорж, Тосонцэнгэл сумын бүрэн дунд 2-р сургуулийн 12-р ангийн суралцагч Б. Уранчимэг нар 3-ын даваанд оролцохоор болов. Харин улсын биологийн төрөлжсөн олимпиадад 28 сургуулийн 88 суралцагчид, багш нар  оролцсоноос 9-р ангийн ангилалд Тосонцэнгэлийн бүрэн дунд 1-р  сургуулийн суралцагч  Пүрэвсүрэнгийн Пэлжээ, 12-р ангийн ангилалд Шилүүстэй сумын бүрэн дунд сургуулийн суралцагч Зоригтын Базарсад, багш нараас Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн багш  Мягмарын Хоролмаа нар тэргүүн байранд шалгарч, гурвын даваанд оролцохоор боллоо.

Улсын химийн төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд 28 сургуулийн 120 суралцагчид, багш нар оролцсоноос 9-р ангийн ангилалд Улиастай сумын Чандмань-Эрдэнэ  үндэсний лаборатори сургуулийн суралцагч  Балжиннямын Ариунтунгалаг, 12-р ангийн ангилалд ЧЭҮЛС-ийн суралцагч Энх-Амгалангийн Солонго, багш нараас ЧЭҮЛС-ийн багш  Цэрэнгийн Чимэдрэгзэн нар тэргүүн байранд шалгарч, багаараа улсын химийн олимпиадын гурвын даваанд оролцохоор боллоо.  Багийн амжилтаар биологийн олимпиадад Улиастай сумын Жавхлант Цогцолбор сургууль, химийн олимпиадад Чандмань-Эрдэнэ үндэсний лаборатори сургууль шалгарлаа. Химийн олимпиадад Улиастай сумын Чандмань-Эрдэнэ ҮЛС, Жавхлант ЦС, бүрэн дунд 3-р сургууль, 4-р бүрэн дунд сургууль, Дэвшил сургуулийн суралцагч багш нар 9,12-р ангийн ба багш нарын олимпиадын эхний 3 байр буюу бүх медальт байруудад шалгарсан амжилтаараа онцлогтой байлаа.

 

 

2015-03-31 11:54:02