ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар МУ-ын 300 гаруй ахмад дайчдыг Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалиар шагнаж байгаа билээ. Харин Завхан аймагт дээрх дайнд оролцож явсан 10 ахмад дайчин амьд сэрүүн, аж төрж байна. Манай аймагт ОХУ-ын ЭСЯ-ны зөвлөх В.В.Горячев, ажилтан В.Н.Брилёв нар ирж, ахмад дайчдад уг шагналыг гардуулав. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Засаг даргын орлогч Ч.Пунцаг, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга дэд хурандаа Г.Нэмэхбаяр нар болон албаны бусад хүмүүс оролцлоо. 2015 онд дэлхийн II дайнд ялалт байгуулсаны 70 жилийн ой тохиож байгаа бөгөөд уг ойн арга хэмжээг ОХУ болон тухайн үеийн холбоотон бусад улc орнууд өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Манай Улсын хувьд Чөлөөлөх дайны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, ЗГ-ын тогтоол гарч ахмад дайчдын алдар гавъяаг алдаршуулах, залуу хойч үеийн эх оронч үзэл, сэтгэлгээг нэмэгдүүлэх олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.