Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн ивээл дор жил бүр уламжлан зохион байгуулагддаг “Өсвөрийн морин хуурчдын –IV” наадам нээлтээ хийлээ. Тус наадмыг нээж аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг үг хэлсэн юм. Тэрбээр морин хуур хөгжмийг сурталчлан таниулах, хөгжүүлэх үйлсэд Завханчууд бид тодорхой хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд дээрх наадамд оролцогчдын тоо нэмэгдэж баруун бүсийг хамарч эхэлсэнд баяртай байгаагаа илэрхийлж байв. Нээлтэд ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М.Ууганбат, Алдархаан сумын засаг дарга А.Мөнхсайхан, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга Г.Мягмарсүрэн , Аймгийн ХЖТеатрын дарга н.Бямбадорж нар оролцлоо.
Энэ удаагийн наадамд Увс аймгийн Улаангом хотын 1-р цогцолбор сургууль, Завхан аймгийн сумдын 170 гаруй шигшмэл, шилдэг морин хуурчид оролцож байна. Монгол түмний ахуй амьдралд өдөр тутам урам зориг хайрладаг учир морин хууртай гэрийг “бүтэн гэр”, морин хуургүй гэрийг “бэлэвсэн гэр” гэж нэрлэн, хуургүй байхыг цээрлэдэг ёстой байжээ. Энэ сайхан уламжлал сэргэж, айл бүрийг бүтэн байлгах морин хуурчдыг төрүүлж байгаад иргэд хөдөлмөрчид, эцэг эхчүүд , багш нар баяртай байна . Үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах, улмаар өсвөрийн морин хуурчдын чадварыг хөгжүүлэх, нэгнээсээ туршлага судлах, суралцах гол зорилготойгоор дээрх наадмыг жил бүр уламжлал болгон зохион явуулж байна . 2011 оны 7 сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбайд 999 морин хуурч хүүхдийн тоглолт, 2013 онд Завхан аймгийн түүхт 90 жилийн ойгоор 2222 морин хуурчид төв цэнгэлдэхэд тоглож олон түмний сэтгэлийг баясгаж байсан Отгонтэнгэрийн морин хуурч хүүхдүүд маань заяа золтой, хиймортой яваг ээ.