Д. Одгэрэл : Орон нутагт төгсөж буй сурагчдад гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах боломж харьцангуй нээлттэй болсон байна. Гагцхүү сурагчид хичээл, зүтгэл, чадвараа бүрэн дайчилж, элсэлтийн шалгалдтаа өндөр оноо авах хэрэгтэй
Элсэлтийн Ерөнхий шалгалт 6 дугаар сарын 18,20,21-ны өдрүүдэд улс орон даяар эхлэх гэж буйтай холбогдуулан аймгийн Боловсрол, Соёлын газрын дарга Д. Одгэрэлтэй боловсролын салбарын ололт амжилтаас товч ярилцлаа
- Их дээд сургуульд элсэгчид Монгол хэл, бичгийн шалгалтаар ерөнхий шалгалтын эхлэлээ тавьсан . Манай аймгийн хэмжээнд ЭЕШ- ын бусад хичээлүүдээр хичнээн хүүхэд шалгалтад орох эрхтэй болсон бэ?
- Энэ жилийн хувьд Завхан аймгийн хэмжээнд төгсөх 12-р ангийн 804 сурагч байна. Түүнээс Монгол хэл, бичгийн шалгалтад 35 хүүхэд тэнцээгүй, өөрөөр хэлбэл 400 оноо авч чадаагүй. Тэнцээгүй сурагчдын хувьд ирэх жил дахин Монгол хэл, бичгийн шалгалтад орох боломжтой. Иймд ЭЕШ-д 769 сурагч 10 хичээлээр шалгуулна.
- Сумдын 10 жилүүдийн төгсөх ангийн сурагчид шалгалтад орох, хувиар сонгох зэргээр аймгийн төвийг хэд хэдэн удаа зорьдог шүү дээ. Хүүхдээ даган ирж байгаа эцэг эхчүүдэд цаг хугацаа, зардал мөнгөний чирэгдэл учруулах шиг ?
- Энэ жил Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль зэрэг нилээд хэдэн сургуулиудын хувиарыг онлайнаар сонгох боломж бүрджээ. Нийслэл хотод л дээрх системээр явуулдаг байлаа шүү дээ. Тэгэхлээр заавал хөдөө сумаас аймагт ирэх шаардлагагүй болсон. Манай аймгийн ихэнх сумд интертнетэд холбогдчихсон байна. Онлайнаар бүртгүүлсэн сурагчид 7 сарын 1-нд дүнтэйгээ танилцаад тухайн сургуульдаа багтсан байвал 24 цагийн дотор баталгаажуулалт хийнэ.
- Орон нутагт ЕБ-ын сургуулиа дүүргэж буй сурагчдад Гадаадын их, дээд сургуулиудад элсэх боломж бага санагддаг л даа?
- Манай улс Япон улсад 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол ” төслийн 9 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон. Энэ төслийн хүрээнд Завхан аймгаас 109 хүүхэд шалгалт өгч 18 хүүхэд эхний шатандаа тэнцсэн юм. Тэдгээр сурагчид ЭЕШ-тдаа 600 оноо авснаар ШУТИС –д эхний 2 жил, Япон улсад сүүлийн 2 жил Засгийн газрын тэтгэлгээр сурах боломж бүрдэнэ. Мөн ОХУ-.н БНТыва улсын их дээд сургуулиудад элсэх боломж манай аймгийн сурагчдад харьцангуй нээлттэй байна . Ер нь гадаадын их дээд сургуулиудад элсэн суралцах боломж харьцангуй их болсон байна. Гагцхүү сурагчид хичээл, зүтгэл, чадвараа бүрэн дайчилж, элсэлтийн шалгалтдаа өндөр оноо авах хэрэгтэй.
- 2014-2015 оны хичээлийн жилийн гол онцлогуудаас дурьдаач ?
- Монгол улсын Засгийн газрын 2013 оны Зөв Монгол хүүхэд үндэсний хөтөлбөр батлагдаж, улмаар Завхан аймагт “Зөв Завхан хүүхэд” дэд хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлан хэрэгжүүлж байна. Манай аймагт хүүхэд нэг бүрийн авъяасыг хөгжүүлэх , Зөв Монгол хүүхэд төлөвшүүлэхэд чиглэсэн, боловсролын чанарын шинэчлэлийн бодлого явагдаж байна.Энэ ажлын хүрээнд манай аймгийн 1-5р ангийн бүх хүүхдүүд бага боловсролын шинэчилсэн цөм хөтөлбөрөөр хичээллэсэн шүү. Энэ хичээлийн жилд суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн туршилт Чандмань-Эрдэнэ ҮЛС, Тосонцэнгэл сумын 1 дүгээр ҮЛС сургуулиуд дээр явагдсан. Харин ирэх жил дунд ангиуд суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх гэж байна.
- Цэцэрлэгүүдийн хувьд?
- Улсын хэмжээнд 12 цэцэрлэг дээр сургалтын шинэчилсэн цөм хөтөлбөр хэрэгжиж байна. Манай аймгийн Улиастай сумын 1 дүгээр цэцэрлэгт дээрх хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Тухайлбал хүүхэд хөгжүүлэх 10 төвийг бий болгож, хүүхдүүд өөрсдийн сонголтоор холимог бүлгээр хичээллэж байгаад гол онцлог оршиж байгаа юм.
- Завхан аймгийн Боловсролын нэгжүүдээс бусад аймгуудад туршлага болохуйц ямар сайн талууд ажиглагдаж байна вэ?
- Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг “Тоглонгоо хөгжүүлэх” төвүүдийг өөрсдийн гараар бий болгосон.Үндсэндээ өглөө хүүхдээ аваад, тараах хүртлээ хүүхдийн сурах төлөвшлийн үйл ажиллагаа явагдах боломжоор хангасан гэсэн үг. Бусад олон аймгууд сургуулийн өмнөх боловсрол, цэцэрлэгийн шинэчилсэн хөтөлбөртэй танилцаж, ирж туршлага судлаж байгаа. Мөн Завхан аймгийн аль ч сургууль дээр очсон тухайн сургуулийн өвөрмөц, үлгэр дуурайлал болох, шинэ санаа төрөхөөр олон үйл ажлууд бий гэж харж байна даа.
- Магадгүй Завхан аймгийн хүүхэд гэхээр “ Морин хуур” санаанд орох байх. Сүүлийн жилүүдэд өөр ямар чадварыг Завхан хүүхдүүд эмэмшсэн бэ?
- Завхан аймгийн сурагчдын 70 хувь нь шатар тоглож сурсан тооцоо бий. Хүүхдийн оюуныг хөгжүүлж, ухааныг задлах уламжлалт тоглоомоо тоглож сурна гэдэг том ололт юм. Нөгөөтэйгүүр сургууль, цэцэрлэгийн бүх багш нарын заах арга зүй, сэтгэлгээ маш хурдацтай хөгжиж байна. Тухайлбал хүүхэд нэг бүрийн хөгжих боломжийг судлаж, олж харж , хөгжүүлэх гэсэн сэтгэл зүрх, хандлагатай болсон байна. Сүүлийн 3 жил дараалаад хичээлийн жилийн эцэст хүүхэд нэг бүрээ хэрхэн хөгжүүлсэн тайлангаа эцэг эхчүүд, ард иргэддээ тавьдаг болсон л доо. Хүүхэд бүр эцэг эхээс заяасан төрөлхийн ямар нэг авъяастай байдгийг тайлангаас харж болно.
- БСШУЯ-ны сайд Л. Гантөмөрөөр ахлуулсан хэрэгжилтийн баг Завхан аймагт 3 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд ирж ажилласан шүү дээ. Манай аймгийн Боловсрол, соёлын газар хэрхэн үнэлэгдэв ээ?
- БСШУЯ-ны сайд Л. Гантөмөрөөр ахлуулсан 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан байгаа. Хэрэгжилтийн багийнхан багш, ажилчид, эцэг эхчүүд, аймаг орон нутгийн иргэдтэй уулзаж, ярилцаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого Завхан аймагт хир үр дүнгээ өгч байгаатай газар дээр нь танилцлаа шүү дээ.Тухайн үед сайн үнэлгээ өгөөд л буцсан. Харин өнгөрсөн 4 дүгээр сард бүх аймгуудын Боловсрол ,Соёлын газрын дарга нар, мэргэжилтнүүдийн сургалт дээр ажилласан аймгуудаа дүгнэсэн юм. Бусад аймгуудыг сайн, Завхан, Хөвсгөл аймгуудыг гайхамшигтай гэж онцлон хэлж байна лээ. Манай нэгж байгууллагуудын үйл ажиллагаа, багш ажилтан бүр хичээж ажиллаж байгаагийн үр дүн юм.
- Орон нутгийн төсөв, улсын төсвөөс гадна төсөл хөтөлбөрүүд Боловсролын газарт нилээд хэрэгжиж байгаа нь харагддаг. Танай байгууллага дээр ямар хөтөлбөрүүд хэрэгжиж байна вэ?
- Улсын төсөв хүндрэл бэрхшээлтэй байгаатай холбогдуулаад олон улсын байгууллагуудын хандив, тусламж, дэмжлэг авах тал дээр анхааран ажиллаж байна . Манай аймагт боловсролын салбарт хамгийн их дэмжлэг үзүүлдэг байгууллага бол Дэлхийн Зөн Монгол ОУБ, Завханхангай хөтөлбөрүүдийг нэрлэнэ. Түүнээс гадна Азийн хөгжлийн банкны шинэ төсөл хэрэгжих гэж байна. Энэ төслөөр 5 дотуур байрыг иж бүрэн засварлах, цэвэр бохирын шугамыг шийдэх, дотуур байранд ажиллаж байгаа багш ажилчдыг сургах, тоног төхөөрөмж, тавлигаар хангах асуудлууд яригдаж, судалгааны шатандаа явж байна. Мөн Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрчим хүчний үр ашиг төсөл 1 сургуулийн дотуур байр, 1 сургуулийн хичээлийн байрыг дулааны алдагдалгүй болгохоор ажиллаж байна. Ер нь Боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа.
- Багш нарын ур чадвар, боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?
- Багшийн мэргэжил, боловсролыг дээшлүүлэх талаар улс орон болоод манай аймагт бүсчилсэн, зайны, онлайн гэх мэтчилэн олон сургалтууд явж байна . Сүүлийн үед “Сургалт- Аялал”-ыг зохион байгуулдаг боллоо. Мянга сонсохоор нэг үз гэж мэргэжлийн багш нарын баг, сургуулийн удирлагуудын баг гэдэг ч юм уу, аймгаасаа баг бүрдүүлж бусад аймгуудын Боловсролын газарт очиж, сайн туршлагыг хуримтлуулдаг болоод байна. Мөн гадаадын улс орнуудад багш нарыг богино хугацааны сургалтад хамрагдахад дэмжиж байгаа даа.
- Ярилцсанд баярлалаа
И.Янжин