Завханчууд Үндэсний их баяр наадмаа энэ сарын 10,11-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Үндэсний их баяр наадам, Хүннү гүрний тулгар төр байгуулагдсаны 2224 жилийн ой, их Монгол Улс байгуулагдсаны 809 жилийн ой, Ардын Хувьсгалын 94 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадмыг аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив албан ёсоор нээж , наадамчин олондоо мэндчилгээ дэвшүүлэв. Аймгийн Баруун бүсийн спорт сургалтын цогцолбор буюу аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд төрийн есөн хөлт цагаан тугийг Зэвсэгт хүчний 325-р ангийн бие төлөөлөгчид заллаа. Наадмын нээлтэд Засаг даргын орлогч дарга Ч.Пунцаг, Завхан аймгийн Засаг Даргын Тамгын Газрын дарга Д.Түвшинжаргал, Улиастай хотын дарга Д.Энхамгалан, Засаг даргын дэргэдэх агентлаг, байгууллагуудын дарга нар оролцлоо.
Энэ жилийн баяр наадмаар Азарга, Хязаалан, Шүдлэн, Соёолон, Их нас, Дааганы уралдаанууд Доной, Алагийн хөндийд уралдаж, Сурын талбайд Үндэсний сурын харваа үргэлжилж, төв цэнгэлдэх хүрээлэнд хүчит 256 бөх барилдаж үзэгч олны хурайлах дуунд цэнгэн баясч байна. Мөн өнгөрсөн бямба гаригт “Үлэмжийн сайхан Завхан нутаг” үдшийн цэнгүүн боллоо. Тус цэнгүүнд МУГЖ, дуучин У.Далантай, МУГЖ , дуучин Ч.Эрдэнэцэцэг , МУСТА , дуучин Б.Батболд нар ая дуугаа өргөлөө.