УНИВЕРСИАД 2015 спорт урлагийн наадам Завхан аймагт зохион байгуулагдлаа
670 ХҮН ҮЗСЭН БАЙНА

      Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй их , дээд сургууль, коллежийн оюутны спорт урлагийн “ УНИВЕРСИАД  2015”  XVIII  дугаар  наадам 2015 оны 09 сарын 25-27-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү наадамд ОХУ-н Тувагийн Их сургууль болон Ховд, Увс, Говь-Алтай , Завхан  аймгуудын их дээд сургууль, коллежийн спорт урлагийн оюутны багууд оролцсон юм . Тус  наамдыг Монголын Оюутны Спортын Холбоо , Завхан аймгийн ЗДТГ, Завхан сургууль хамтран зохион байгууллаа.

 Оюутны урлаг спортын наадмыг нээж МУИС-н Завхан сургуулийн захирал М.Эрдэнэчимэг үг хэллээ. Мөн аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив  нээлтэд оролцож, ОХУ-н Тыва улс болон  Ховд, Увс, Говь-Алтай  аймгуудын  багуудад талархал илэрхийлж,   оюутан залууст спорт урлагийн их амжилт хүслээ. Тус наадам Монголын баг тамирчид 1965 онд дэлхийн оюутны  спортын УНИВЕРСИАД   их наадамд оролцож эхэлсний  50 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.

Спортын тэмцээн Сагсан бөмбөг, Шатар, Үндэсний бөх, Ширээний теннис, Модон бөмбөг,  Элсний гар бөмбөг ,  урлагийн наадам  Гоцлол дуу,  Оюутан мисс,  гоцлол бүжиг, Язгуур урлаг, Гоцлол хөгжмийн төрлүүдээр тус тус зохион байгуулагдаж, оюутан залуус авхаалж самбаа, авъяас чадвараараа өрсөлдлөө.  Мөн Орон нутгийн их дээд  сургууль, коллежийн “Биеийн тамирын сургалтад тулгамдаж буй асуудал, сайжруулах арга зам” сэдвээр онол практикийн бага хурал боллоо.

2015-09-29 16:54:01