Монгол Улсын Зам Тээврийн сайдын 2015 оны 10 сарын 2-ны өдрийн 255 дугаар тушаалаар Завхан аймгийн Алдархаан, Идэр, Яруу сумдын нутаг дэвсгэр дэх Загастайн даваа орчмын авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 10 сарын 8-ны өдрөөс 2 сарын хугацаанд хаахаар боллоо. Тус тушаалыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн ахлагчаар ЗДТГ-н Хөгжлийн Бодлогын хэлтсийн дарга Д.Бат-Ундраа ажиллаж байна. Өчигдөр ажлын хэсэг хуралдаж, холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг даалгавар өглөө. Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт , хамгаалалтыг хариуцсан байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний “Улаанбаатар хот –Завхан аймгийн Улиастай хот- Улаанбаатар хот” чиглэлийг дээрх хугацаанд “ Улаанбаатар хот-Завхан аймгийн Улиастай хот -Алдархаан сумын нутаг дэвсгэр дэх Доной-Сайрын дөрөлж –Цахирын дөрөлж, Зүйлийн төв, Яруу сум-Дахтын даваа- Тэлмэн сум-Улаанбаатар хот гэсэн чиглэлээр явах болж байна. Хоёр сарын хугацаанд баримтлах дээрх чиглэлээр том оврын автобусаар тээврийн үйлчилгээг хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар ханган зохион байгуулахыг “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ, “Хараацайн жигүүр”, “Жавхлант хийморь хоршоо”, “Жигд -эргэлт” ххк аж ахуй нэгжүүдэд үүрэг болгожээ.