Олон улсын багш нарын баярын 21 дэх өдөр, Монголын багш нарын 49 дэх өдрийг Завхан аймаг анх удаагаа номын баяр болгон тэмдэглэлээ. Аймгийн Засаг даргын санаачлагаар Завхан аймгийн 81 гайхамшиг 9 боть ном бүтээгдэж, 10 сарын 5-ны өдөр буюу Багш нарын баярын өдрийг тохиолдуулан нээлтийг хийсэн юм. Тус өдөр нутгийн олон арван эрдэмтэн багш нарт номын дээжийг гардуулан өгөхдөө Засаг дарга Ж.Жамъянтив: “ Гэгээн номын суврагууд төрөлх нутаг усаа илүү сайн танин мэдэх, бахархан дээдлэх, сурталчилан түгээх үйлсэд жинтэй хувь нэмэр өгөх бөгөөд өсвөр хойч үеийнхэндээ танин мэдэхүйн баясал хайрлах, ерөнхий мэдлэгийн цар хүрээг тэлэх , суралцах үйлд нь рашааны тусал мэт ач буяныг үзүүлэхийн зэрэгцээ унаган нутаг, угаасан усаараа улбаалан эх орноо хайрлан хамгаалах зөв үзлийн үндсийг соёолуулж ургуулахад ач тусаа өгөх нь эргэлзээгүй” гэж хэлсэн юм. Үнэхээр дээрх есөн боть ном нь Завхан нутгийн хүүхэд, сурагчдад оюуны илч, мэдлэгийн гарц болно гэдгийг багш нар хэлж байлаа.
Дээрх номын нээлтэд Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Аймгийн засаг даргын орлогч Ч.Пунцаг, ЗДТГ-н дарга Д.Түвшинжаргал, Цэцэнс майнинг группын захирал Ш.Батсамбуу, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, Аймгийн Засаг даргын зөвлөх Д.Уртнасан БГ-н дарга Д.Одгэрэл нар, Улаанбаатар хотоос номын суврагыг бүтээлцсэн МУ-н гавъяат зоо техникч Л.Лхасүрэн, Отгонтэнгэр хөгжил сангийн тэргүүн А.Санжмятав, Сэтгүүлч яруу найрагч Б.Дагвадорж, МУ-н сайд асан судлаач Б.Баатар , Банк санхүүгийн ахмад ажилтан, нийтлэлч, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Ээнзэндагва нар ирж оролцлоо.