Цочмог сул саажилт болон дархлаажуулалттай халдварт өвчний тандалтыг эрчимжүүлэх, тарилгатай халдварт өвчний илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор манай аймгийн 24 сумын өрхийн эмч, халдвар судлагч, дархлаажуулалт, халдварт, мэдрэл, хүүхдийн эмч нарын оролцсон “Цочмог сул саажилтын тандалтыг сайжруулья” сургалтыг Аймгийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТөвийн дархлаажуулалтын албаны эмч нар хамтран зохион байгууллаа.
. Монгол улсад 0-15 хүртлэх насны хүүхдийн дунд цочмог сул саажилт, халуурал, тууралттай өвчнийг илрүүлэх идэвхитэй үзлэг, тандалтыг хийдэг өрх, сумын болон хүүхдийн эмч нар, тандалтыг зохион байгуулдаг мэргэжлийн арга зүйгээр ханган хяналт тавьж ажилладаг халдвар судлагч эмч нар байнга солигддог нь энэ өвчинд хийж буй тандалт, судалгаа сулрах нэгэн шалтгаан болж байна гэж үзэж байгаа юм. Иймд дээрх аймгуудын эмч нарын мэдлэг, хандалгыг дээшлүүлэх сургалтыг ажлын байранд зохион байгуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг хяналт хийх, мэргэжил арга зүйгээр хангах зайлшгүй шаардлага байна гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын үндсэний зөвлөх онцолж байлаа.
Сургалтын үеэр халдварт саа өвчний дэлхий дахины байдал, бодлого, чиглэл, цочмог сул саажилтын оношлогоо, эмчилгээний талаар үндэсний зөвлөхүүд мэдээллийг өглөө. Завхан, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймгуудын эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг хандалгыг дээшлүүлэх, эмч нарыг тандалтын ажилд дадлагажуулах, 2015 оны эхний 9 сарын байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн өвчний түүхэнд мэдээлэгдээгүй байж болзошгүй цочмог сул саажилтыг илрүүлэх зорилгоор мөн эргэн судалгаа хийх юм.
ХӨСҮТөвөөс нийт ард иргэдэд 0-15 хүртлэх насны хүүхдэд цочмогоор илэрсэн сул саажилт өвчин илэрсэн тохиолдолд сум өрхийнхөө эрүүл мэндийн төв, эмч нарт яаралтай хандахыг зөвлөлөө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас халдварт саа өвчнийг 2020 он гэхэд дэлхий дахинд устгах зорилго тавин ажиллаж байна.