Бага хайрханы аймаг дундын отрын бүс нутагт аймгийн ЗДТГ-н ажлын хэсэг ажиллав
569 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Мал тооллогын комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-н дарга Т.Пүрэврагчаа, СТСХ-н дарга Г.Ганболд, ХБХ-н мэргэжилтэн Д.Азжаргал нар Бага хайрханы аймаг дундын отрын бүс нутагт  энэ сарын   17-18-ны өдрүүдэд ажиллаад ирлээ.  Энэ жилийн тухайд отрын бүс нутгийн бэлчээрийн даац 68.0 мянган мал өвөлжих бололцоотой гэх судалгаатай байсан юм. Гэвч отрын бүс нутагт 6 сумын 190 өрхийн 144,7 мянган мал өвөлжиж байна. Одоогийн байдлаар цасны зузаан 15-20 см, зарим газраар 25 см орчим цастай байна. Бэлчээрийн даац хэтэрснээс туурайн зуд болж болзошгүй байгааг малчид хэлж байлаа.

  

Манай аймгийн  Завханмандал , Ургамал  сумдын зааг нутагт Увс аймгийн Завхан сумаас 4 өрхийн 1600 орчим мал, хойд элсэндээ Увс аймгийн Өндөрхангай сумаас 3 өрхийн 600 орчим адуу орсон байна. Харин Дөрвөлжин сумын нутагт Ховд аймгийн Дөргөн сумаас 2 өрхийн 300 бод , Чандмань сумаас 3 өрхийн 400 адуу отроор оржээ. Дөрвөлжин сумын нутаг Завхан голын Урд элсэнд Эрдэнэхайрхан сумаас 5 суурийн 1200 орчим адуу, Цагаанчулуут сумын нутагт 3 суурийн 1000 орчим адуу өвөлжихөөр нүүдэлж байсан бол  Яруу сумаас Дөрвөлжин сумын нутагт 8 өрхийн 6600 мал/ 180 бод, 6400 бог/  өвөлжиж байна. АДОБНутгийн бэлчээрийн даац хэтэрч, зун ургамлын гарц муу байснаас дахин цас нэмж   орвол нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна . Мөн отроор явж байгаа малчдад мал эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай байгаа юм.

2015-12-21 11:35:20