Баянхонгор аймагт отроор өвөлжиж буй малчдаа эргэж эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, малчдыг тухайн орон нутагт отроор өвөлжүүлэх гэрээ хэлэлцээр хийх зорилгоор Завхан аймгийн ЗДТГ-н ХБХ-ийн дарга Д.Бат-Ундраа, аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Т.Дашноров, ЭМГ-н эмч Н.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 16-19-ны хооронд Баянхонгор, Завхан аймгийн зарим сумдад ажиллалаа. Одоогоор Завхан аймгийн Их-Уул, Отгон сумаас Баянхонгор аймгийн Жаргалант, Заг, Гурванбулаг сумдын нутагт нийт 60 өрхийн 135 хүн, 36,5 мянган мал отроор өвөлжиж байна. Ажлын хэсгийнхэн Баянхонгор аймгийн удирдлагууд, болон зарим сумдын дарга нартай уулзаж сум хооронд отор нүүдэл хийх талаар гэрээ хэлэлцээр хийж, дэмжиж ажиллах талаар ярилцаж тохиролцсон байна. Хэлэлцээрийн хүрээнд Жаргалант, Заг, Гурванбулаг сумдын удирдлагуудад оторчдыг нутагтаа өвөлжүүлж, дэмжиж ажиллах талаар хүсэлтийг хүргүүллээ. Жаргалант сумын нутагт аймгийн оторчдыг өвөлжүүлэх талаар “Их богд” байгалийн цогцолбор газрын захиргаа, Жаргалант, Их-Уул сумдын хооронд гурвалсан гэрээг байгуулж ажиллахаар боллоо. Мөн Баянхонгор аймгийн Заг, Гурванбулаг сумдын нутагт отор хийж байгаа Отгон сумын 10 гаруй өрхөөр орж отрын нөхцөл байдалтай танилцаж, отор хийж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн юм.
Цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд:
- Отор нүүдэл хийж байгаа малчдыг тухайн орон нутагт өвөлжүүлэх, малчдыг дэмжиж ажиллах талаар аймгийн удирдлагуудын түвшинд харилцан тохиролцож сум хоорондын гэрээ, хэлэлцээрийг байгуулж ажиллахаар шийдвэрлэж Их-Уул, Отгон сумдын удирдлагуудыг ойрын хугацаанд Баянхонгор аймгийн холбогдох сумдын удирдлагуудтай гэрээ хэлэлцээр хийх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэлийг өгөв.
- Заг, Гурванбулаг сумдын нутагт отроор мал их хэмжээгээр орж бэлчээрийг ихээр талхалан мал бэлчээрлэхэд хүндрэл учирч туурайн зуд болох магадлалтай тул Отгон сумын Засаг даргад отор нүүдэл хийх боломжтой газар нутгийг судалж үзэн, холбогдох гэрээ хэлэлцээрийг хийж малчдыг отроор өвөлжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.