Хууль зүйн сайдын 2013 оны 1/1210, 2015 оны 1/3 дугаар албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудын ажлын уулзалт зөвлөлгөөнийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 325 дугаар ангитай хамтран зохион байгууллаа. Зөвлөлгөөнд аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болох аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, Цэргийн штаб, Шүүхүүдийн тамгын газар, прокурорын газар, Улсын бүртгэл, статистикийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Хилийн цэргийн 0277 дугаар анги, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүх шинжилгээний алба, 5 дугаар тойргийн Тахарын алба зэрэг байгууллагуудын удирдлага бусад албаны хүмүүс оролцлоо. Уулзалтын үр дүнд хууль сахиулах байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, 2016 онд хэрэгжүүлэх гол гол ажлуудын талаар санал солилцож тодорхой шийдэлд хүрлээ. Энэ уулзалт зөвлөлгөөн нь сар бүр зохион байгуулагдах бөгөөд уулзалтын хуваарийг батлалаа.