Завхан аймгийн Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
641 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Энэ жилийн аймгийн аварга шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг Монголын бүх ард түмний спортын 14-р их наадмын хүрээнд волейболын нэрт дасгалжуулагч, багш Д.Санжаасүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Өнөөдөр тэмцээнийг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал үг хэлэхдээ: “ Д.Санжаасүрэн багш бол  биеийн тамир спортыг сурталчилж хөгжүүлэх, ялангуяа тэшүүр, гарбөмбөг, үндэсний сур харваа, шагай харваа, бөхийн спортыг Завхан аймагт дэлгэрүүлэн, мэргэжлийн түвшинд тэгш хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан”-ыг онцолж, тамирчдад спортын их амжилт хүслээ.

    

  Тус тэмцээнд сум орон нутгаас 8 сумын,  нийслэл хотоос үе үеийн шавь нар нь,  шавийнх нь шавь нар Хилчин клубын баг нийт эмэгтэй 13, эрэгтэй 16 багийн 240-н  тамирчид оролцож байна. Тэмцээнийг  аймгийн Биеийн тамир спортын газар, УБ хот дахь Завханчуудын спортын холбооны хамт олон, волейболийн аймгийн холбоо, ивээн тэтгэгчид, үе үеийн шавь нар нь хамтран зохион байгуулж байна.

Гар бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Д.Санжаасүрэнгийн нэрэмжит болгохын учир

Д. Санжаасүрэн багш дотоодын уралдаан  тэмцээнүүдэд тэшүүрчид бэлтгэхээс гадна 1980 онд АНУ-д болсон өвлийн олимпын 13-р наадамд Монголын тэшүүрчид, цаначдыг бэлтгэн дасгалжуулагчаар оролцож байсан түүхэн гавъяатай дасгалжуулагч багш билээ. Тэрээр волейболын спортын мастер 12, тэшүүрийн спортоор Олон улсын хэмжээний ба спортын мастер 12-ийг төрүүлж, өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын бүх ард түмний спартакиадын уралдаан тэмцээнээс 23 алтан медаль, 33 мөнгөн  медаль, 17 хүрэл медаль хүртсэний дотор улсын дээд амжилтыг 9 удаа шинэчилэн тогтоож, тэшүүрийн спортын 23 зайд улсын аварга тамирчдыг бэлтгэж  байжээ. Тэрээр спортын бүх төрлийг тэгш хөгжүүлснээр нийт 47 спортын мастерийг төрүүлж байсан түүхэн гавъяатай багш юм.

 

2016-01-15 18:37:21