АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.ПУНЦАГ : АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗАРИМ СЭДВЭЭР ЯРИЛЦЛАА
718 ХҮН ҮЗСЭН БАЙНА

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ч.ПУНЦАГ : АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ЗАРИМ СЭДВЭЭР ЯРИЛЦЛАА

 

 Манай аймгийн хувьд 2015 оны нийгэм эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэлийн биелэлт хэдэн хувьтай байна вэ?

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 12 сарын 04-ний өдрийн  хуралдаанаар Аймгийн 2015 оны нийгэм эдийн засгийн хөгжил үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж 88.7 хувьтай буюу хангалттай хэмээн дүгнэсэн. 2015 онд үндсэн чиглэлд тусгагдсан томоохон ажлуудаа амжилттай хийж гүйцэтгэлээ. Завхан аймаг нь  өөрөө төсвийн орлогоо бүрдүүлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл төсвийн орлогынхоо дийлэнх хувийг  улсын төсвийн татаасаар бүрдүүлж амьдардаг.Тусгай шилжүүлгийн байгууллагуудтай нийлээд 20 гаруй тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс авдаг. Харин өөрийн орлогоор 5.6 тэрбум төгрөгийг бүрдүүлж ажиллаж байна.  ОНХС-ийн хууль хэрэгжиж эхэлснээр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг  жил бүр МУ-ын Засгийн газраас хуваарилан олгож байна.   

ОНХС-ийн хөрөнгө оруулалтыг хэрхэн хуваарилж, зарцуулдаг вэ?

-Өнгөрсөн онд Завхан аймагт 7.7 тэрбум төгрөг батлагдсан. Гэвч улс орны эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор 2.8 тэрбум төгрөг төсвийн тодотголоор хасагдаж 4.8 тэрбум төгрөг болон буурсан юм. Энэ хүрээнд өнгөрсөн оны байдлаар бид 3.8тэрбум төгрөгийн санхүүжилтийг авсан. Үлдсэн  нэг тэрбумгаруй төгрөгийн санхүүжилтийг эдийн засгийн хямралаас шалтгаалан авч чадаагүй. ОНХС-ийн  хуулийнхаа дагуу нийт хөрөнгө оруулалтын 40 хувь нь аймагт хуваарлигдаж байгаа. Үүнийг  аймгийн хэмжээний томооохон ажлууд, бүтээн байгуулалтад зарцуулж байна. Харин үлдсэн 60 хувь нь хүн амын тоо, алслалт гэх мэт итгэлцүүрээсээ хамаараад сумдад хуваарилагддаг. Бид энэ хүрээнд ирсэн хуваарь чиглэлийн дагуу сумдадаа өгч гүйцэтгэлийг нь гаргуулж авлаа. Аймагт хуваарлигдсан 40 хувийн хөрөнгийг аймаг орон нутагт нэн тэргүүнд шаардлагатай ажилд зарцуулсан гэж үзэж байгаа.

ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн гол ажлуудынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Гол хийгдсэн ажлууд гэвэл ОНХС-ийн хөрөнгөөр манай аймгийн эдийн засгийн гол үндэс суурь болсон МАА-н үйлдвэрлэлд анхаарах, өвөлжөө бууц, худаг ус гаргах, малыг эрүүлжүүлэх гэх мэт ажлуудад тодорхой хувийг нь зарцууллаа. Мөн боловсролын салбарт ч багагүй хөрөнгө оруулалт хийгдсэн. Өөрөөр хэлбэл бид зөвхөн орон нутаг дангаараа хийхэд хүндрэлтэй засварын ажлуудыг олон улсын донор байгууллагуудын хөрөнгө оруулалтыг өөртөө татаж хамтран ажиллах шугамаар амжилттай хийж гүйцэтгэсэн. Аймгийн ОНХС, ГОУХАН-ийн хөрөнгө оруулалтаар гурван томоохон объектыг засварлалаа. Энэ нь Тэс сумын 100 хүүхдийн дотуур байр 600-аад сая төгрөгөөр, Завханмандал сумын сургуулийн хичээлийн байр 300 орчим сая төгрөгөөр, Эрдэнэхайрхан сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг220 гаруй сая төгрөгөөр  тус тус засварласан юм. Эдгээрийг засварлахад аймаг орон нутгаас нийтдээ 350 сая төгрөг, үлдсэнийг ГОУХАН-ээс санхүүжүүлсэн. ОНХС-аас нийгмийн эрүүл мэндийн чиглэлд тэр дундаа эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор нэгдсэн эмнэлгийн нэг тасгийг 200 орчим сая төгрөгөөр засварлан хүлээлгэж өглөө. Мөн Улиастай хотод шаардлагатай гудамж талбайн гэрэлтүүлэг, тохижилтын ажилд хөрөнгө орууллаа.

Тэгвэл иргэддээ чиглэсэн ямар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Улиастай хотын үндсэн хүн ам нь 16500 орчим, дээр нь бусад явуулын хүн амыг оруулж тооцвол 20 гаруй мянган хүн амтай засаг захиргааны нэгж, соёл үйлчилгээний төв болж байгаа юм. Тиймээс иргэддээ төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс ажлын байр бий болгохыг зорьж ажиллалаа. Өнгөрсөн жилээс бид Улиастайн бүх багуудад Багийн хөгжлийн төв барьж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн жил хоёр, энэ жил дахин хоёр  төвийг барьж ашиглалтад орууллаа. ОНХС-аас нийтдээ 700 гаруй сая төгрөг зарцуулсан. Өөрөөр хэлбэл багийн  даргын ажлын алба, өрхийн эрүүл мэндийн төв, багийн цагдаа, багийн ИНХ болон бусад олон нийтийн байгууллагууд байрлах боломж бүхий  нэгдсэн байртай болсон гэсэн үг. Мөн зарим багийн хөгжлийн төвүүд  тухайн багийн оршин суугчдад ахуйн үйлчилгээг хүргэх цогц үйлчилгээ үзүүлэх боломжтойгоороо давуу талтай. Сүүлийн үеийн технологиор харьцангуй хямд зардлаар баригдаж байгаа барилгууд юм. Өнөөдрийн байдлаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бусад барилгуудын хувьд ийм хэмжээний барилга тэрбум орчим төгрөгийн төсөвт өртгөөр баригдаж байгаа бол эдгээр Багийн хөгжлийн  төвүүд маань халаалт болон бусад асуудлыг цогцоор нь шийдвэрлээд 380 орчим сая төгрөгөөр баригдаж байгаагаараа онцлог юм.

2016 онд Засаг даргын үйл ажиллагааныхөтөлбөрт заагдсан ажлууд бүрэн хйигдэх боломжтой юу?

-Аймгийн ИТХ-аар Засаг даргын үйл ажиллагааны 2012, 2013, 2014, 2015 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг 83.4хувийн үнэлгээтэй дүгнэсэн. Иймээс 2016 онд үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн зорилт маань төлөвлөсөн хөтөлбөрийн хүрээнд явбал бүрэн биелэх боломжтой гэж дүгнэсэн. Харин 2015 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг 88.7гаруй хувийн биелэлттэй хангалттай сайн биелсэн гэдэг үнэлгээг өгсөн. Жилийн эцсээр аймгийн нийгэм, эдийн засгийн статистикийн бүх үзүүлэлт мэдээллүүд нэгтгэгдээд гарсан байгаа. Сүүлийн жилүүдэд манай аймгийн хүн ам өсч байна. Өмнө жилийн хувьд манай аймгийн хүн ам 70000-аас бага байсан бол энэ жил 70000 гарсан хүн амтай боллоо. Төрөлт нэмэгдэж байна. Хүн ам өснө гэдэг бол тэр хэмжээгээрээ тухайн орон нутгийн суурьшил нэмэгдэнэ гэсэн үг. Түүнийг дагаад хүний төлөөх үйлдвэр, үйлчилгээ хөгжих боломж бий болно гэж ойлгож байгаа.

Жилийн эцсийн мал тооллогын дүнгээр  мал сүрэг маань өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэ талаар?

-Энэ жилийн хувьд улсын мал тооллого 12 сарын 07-15-ны хооронд амжилттай явагдлаа. Манай аймаг гурван сая 133 мянган толгой мал тоолуулсан. Энэ нь манай аймаг түүхэндээ  гуравдахь удаагаа гурван сая давсан мал тоолуулж байгаа явдал юм. Сонирхуулж хэлэхэд анх 1927 онд 3.6 сая мал тоолуулсан. Харин үүний дараа 2008 онд мөн 3 сая 130 мянган мал тоолуулж байсан юм. Энэ жил гурав дахь удаагаа гурван сая гарсан мал тоолуулсан нь МАА-н салбарын ажилчид, малчдын маань хөдөлмөрийн үр шим гэж ойлгож болно. Нийт малын тоогоор баруун бүсдээ нэгд, улсад наймдугаар байранд орж байгаа. Нийт мал сүрэг маань таван төрөл дээрээ өссөн үзүүлэлттэй байгаа. Манай  аймаг 115 багтай. Үүнээс хөдөөний 84 баг байдаг. Түүнчлэн аéìгийн  хэмжээнд 8.3 мянган малчин өрхтэй бөгөөд үндсэн сумдынхаа нутагт 2.6 сая мал өвөлжиж байгаа. Мөн гадны аймгуудад 151 өрхийн 120 орчим мянган мал өвөлжиж байна. Харин аймаг дотроо болон бусад сумдын нутагт 300 гаруй өрхийн 140 орчим мянган мал өвөлжиж байгаа бол хилийн зурваст 80 мянга гаруй толгой мал, тусгай хамгаалалттай бүсэд 70 мянгай гаруй толгой мал тус тус өвөлжиж байна. Түүнчлэн Багахайрханы отрын бүс нутагт манай аймгийн таван сумын 73 өрхийн 80 гаруй мянган мал өвөлжиж байгаа тоон мэдээлэл байна.

Манай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал ямархуу байна вэ?

- Манай аймгийн 115 багийн 84 нь хөдөөний мал бүхий баг байдаг. Эдгээр багуудад нийт 8.3 мянган малчин өрх бий. Үндсэн  сумдынхаа  нутагт 2.6 сая мал өвөлжиж байгаа бол  гадны аймгуудад 151 өрхийн 120 орчим мянган мал өвөлжиж байна. Харин аймаг дотроо буюу бусад сумдын нутагт 300 гаруй өрхийн 140 орчим мянган мал, Хилийн зурваст 80 мянга гаруй толгой мал, тусгай хамгаалалттай бүсэд 70 мянга гаруй толгой мал, àéìàã äóíäûí  Багахайрханы отрын бүс нутагт манай аймгийн таван сумын 73 өрхийн 80 гаруй мянган мал тус тус  өвөлжиж байгаа. Мал сүрэг маань  өссөн хэдий ч өнгөрсөн зуны хувьд зуншлага төдийлөн сайн байсангүй. Алаг цоог буюу нийт нутгийн 10 гаруй хувь нь гандуувтар байдалтай гарсан учраас өвөлжилт хүндрэх хандлагатай байгаа. Ялангуяа алслагдсан хойд бүсийн сумд болох Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат болон Отгон, Цэцэн-Уул, Яруу, Эрдэнэхайрханы говийн бүсэд зуншлага муу байсан төдийгүй есөн сарын сүүлээс эхлээд цас орсон нь ч нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар  10 хол гаран удаагийн давтамжтай цас орсноос шалтгаалан өвөлжилт хүндрэх нөхцөл байдал бий болж байгаа юм. Улсын  онцгой комиссоос гаргасан мэдээгээр манай аймгийн 12 сум цагаан зудтай байна. Ялангуяа Тэс, Баянтэс, Баянхайрхан сумдын нутаг маш хүнд байгаа. 11сард орсон борооны дараа шууд их хэмжээний цас орсон учраас мөстөлт үүссэн. Дээр нь олон удаагийн цас нэмж орсны улмаас 25-30 см-ын зузаантай цасан бүрхүүл үүссэн. Мөн сүүлийн өдрүүдэд ч шуурч хатууран өвөлжилт хүндрэх хандлага бий болж байна.  

Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?

-12 сарын сүүлээр улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга н.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудад ажиллан өвөлжилтийн нөхцөл байдлыг нь тогтоосон. Үүний дагуу бид хүсэлт тавин манай аймгийн өвөлжилт хүндэрч буй сумдад анхаарч ажиллах талаар хамтран ажиллаж байгаа. Аймаг орон нутгийн зүгээс бид өнгөрсөн 2012-2015 онуудад орон нутгийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх үүднээс 500 гаруй сая төгрөгөөр 600 гаруй тн өвс, 220 гаруй тн тэжээл бэлтгэн зургаан цэгт төвлөрүүлсэн байсан. Үүнийгээ 50 хувь хямдруулсан үнээр 2015 оны 12 сарын 25-наас малчиддаа олгож байна. Гол нь өвөлжилт хүндэрсэн бүс нутгууддаа өвс, тэжээл татаж хүргэх ажлыг өнгөрсөн намар эртхэн зохион байгуулж Сонгино, Тэс, Цэцэн-Уул сумдад тодорхой хэмжээний нөөцийг татсан байсан нь оносон арга хэмжээ боллоо. Аймгийн нөөцийн өвсийг 2500 төгрөгөөр, тэжээлийг 11500 төгрөгөөр нийлүүлж байгаа. Мөн улсын онцгой комиссын шийдвэрээр манай аймагт байгаа улсын нөөцийн таван цэгт байгаа 640 гаруй тн өвсийг үнэгүй,  200тн гаруй тэжээлийг хямдралтай үнээр олгож байна. Түүнчлэн цаг хүндэрсэн сумдад улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн 150 сая төгрөгөөс тухайн сумдад улсын нөөцийн салбаруудаас тээвэрлэгдэн очих шатахууны асуудлыг шийдвэрлэх замаар бүх сумдад өвс тараагдаад дуусч байна. Харин тэжээлийн хувьд 50 хувь хямдруулан5400төгрөгөөр зарж байна. Өвөлжилт хүндэрсэн Отгон, Тэс, Баянтэс, Сонгино, Баянхайрхан, сумдад хоёр удаа ажлын хэсэг ажиллалаа. Энэ үеэр орон нутагт гарсан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэæажиллалаа.

Улсын онцгой комиссоос олгож буй 150 сая төгрөгийг хэрхэн зарцуулж байна вэ?

-Улсын онцгой комиссоос олгож буй 150 сая төгрөгийн хувьд нэгдүгээрт өвс тэжээл хүргэх зардал, хоёрдугаарт аврах тусгай үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын газар, цагдаа, ус цаг уур орчны шинжилгээний алба, сумдад үйлчилгээ үзүүлж буй хүн эмнэлэг болон бусад үйлчилгээний техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, түүний сэлбэг хэрэгсэл зэрэгт 10 сая гаруй төгрөг,  малын эм, био бэлдмэлд 10 сая гаруй төгрөг болон  хүн эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эмийн эргэлтийн санг бүрдүүлэх зэрэгт тодорхой хөрөнгө тусгах гэх мэтээр хуваарилж байна. Өнөөдрийн байдлаар цас нэмж орохгүй бол бидэнд боломж байна. Харин ахиад нэмэх юм бол зудтай сумын тоо нэмэгдэх боломжтой. Манай аймгийн 24 сумын 12 нь зудтай, 12 нь зудархуу гэсэн ангилалд орсон байгаа. Нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй байна. Хамгийн бага цастай нь Дөрвөлжин сум байна. Дараа нь говийн сумд болох Ургамал, Завханмандалд 10 см гаруй цастай байгаа. Нэмж өвөлжилт хүндрэх магадлалтай Шилүүстэй, Отгон, Цагаанхайрхан, Их-Уул, Эрдэнэхайрхан зэрэг сумдад анхаарах шаардлагатай болоод байна.

Хойд талын сумдад машин явах боломжгүй байгаа гэсэн мэдээлэл байсан. Эдгээр сумдад өвс тэжээлээ яаж хүргэж байгаа вэ?

-Бид энэ тал дээр анхаарсан. Бартаа туулах чадвар бүхий машин манай аймагт харьцангуй бага байна. Гэхдээ бид тухайн орон нутагт байгаа техникийн боломжийг шийдвэрлэх, өвс хүргэхэд хүндрэлтэй Нөмрөгийн хойд хэсэг, Тэс, Баянтэс сумдад аймгийн Засаг даргын нөөц сангаас дөрвөн сая орчим төгрөгийг шатахууны зардал дээр нэмж гарган зам гаргах ажлуудыг хийж байгаа. Мөн дээр нь аймагт үйл ажиллагаа явуулдаг Завхан АЗЗА компанитай хамтран ажиллаад орон нутгийн болон улсын чанартай зам давааг онгойлгох ажлыг цаг тутамд хийж байна. Оноос хойш Солонгот, Согоот, Ганцын даваа, Загастайн даваанууд дээр ажиллалаа. Мөн их цасны дараа Яруу, Цагаанхайрхан сумдаас хүсэлт тавьсны дагуу зам гаргах ажлуудыг хийж байгаа. Мөн л эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан ТӨКомпани хэдий ч санхүүжилт байхгүйгээс нилээд хүндрэлтэй асуудал үүсээд байгаа. Гэхдээ энэ асуудлыг аймгийн Засаг даргын нөөц, бусад эх үүсвэрээс шийдвэрлээд явж байна. Ер нь эдийн засаг хүндрэлтэй энэ үед байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө их л хэцүүдэх байх. Орон нутгийн зүгээс Улаанбаатар, Эрдэнэт, Дàðõàí äàõüнутгийн зөвлөлд уриалга гарган хүргүүлсэн. Аймгийн онцгой комиссын дарга буюу аймгийн Засаг даргын шийдвэрээр аймгийн онцгой комиссын гишүүдийг бүх сумдад хуваарилан хариуцуулж ажиллаж байна. Тэднээр дамжуулан тухай бүрт нь мэдээллийг тогтмол авч байна. Аймгийн Онцгой байдлын газар дээр байнгын жижүүр ажиллуулж байгаа. Зудархуу энэ хүнд нөхцөлд тодорхой график цаг хугацааны дагуу сум бүрээс өдөр тутмын мэдээллүүдийг авч байна.

Аж үйлдвэрийн салбарын талаар манай уншигчдад мэдээлэл өгвөл?

-Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний хувьд өнгөрсөн оноос үйлдвэрлэл буурсан. Энэ нь ерөөсөө барилга угсралтын үйлдвэрлэл өнгөрсөн оноос буурсантай холбоотой. Яагаад гэвэл 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгддэг барилгын ñàëáàðûíажлууд зогссон. Өөрөөр хэлбэл, өмнө нь баригдаж байсан нийгэм, ахуйн үйлчилгээний барилгуудын ажил зогссон. Та бүхний мэдэх театрын барилга, спорт цогцолбор гэх мэт томоохон барилгуудын ажил зогссон гэсэн үг. Мөн аймагт болон сумдад баригдаж байсан боловсролын салбарын олон барилгын ажил зогсонги болсон зэрэг зүйлсээс шалтгаалан буурсан үзүүлэлттэй байгаа. Бусад үйлдвэрлэлийн салбарын хувьд хангалттай өссөн гэсэн үзүүлэлтийг бид харж байгаа. Өнгөрсөн онд манай аймагт аж ахуйн нэгжүүд өөрсдийн дотоодын хөрөнгө оруулалт,  бусад хөрөнгө оруулагчдын хөрөнгөөр багагүй үйлдвэрлэл явуулсан. Ялангуяа хүнсний салбарт. Жишээ нь Завхан хүнс группээс хэрэгжүүлсэн Завхан нэгдэл төслийнхөө хүрээнд манай аймгийн 14 суманд хүнсний цех байгуулсан. Энэ цехийн үйл ажиллагаа явагдаж эхэлснээр тухайн сумын иргэд орон нутагтаа стандарт, эрүүл ахуй, хадгалалтын шаардлага хангасан шинэлэг, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэх боломж бүрдэж байгаа юм. Нөгөө талаасаа тодорхой ажлын байрууд бий болж байгаа юм. Мөн манай аймгийн томоохон үйлдвэрлэлийн нэг болох Мах боловсруулах үйлдвэрийг уг төслийнхөө хүрээнд дэмжин анх удаа хувийн хэвшил орон нутагт дотоодын бэлтгэлээр 64000 орчим толгой мал бэлтгэсэн нь тухайн компанийн гаргасан үзүүлэлтээр 6.3 тэрбум төгрөгийн мал бэлтгэсэн гэсэн дүн мэдээтэй байна. Энэ нь малчдад шууд бэлэн мөнгө хэлбэрээр очиж байгаа учраас манай аймгийн эдийн засгийн гол үндэс суурь болсон МАА маань эдийн засгийн эргэлтэнд орох боломж бүрдсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд бий болсон юм.

Дэд бүтэц, бүтээн байгуулалтын талаар?

-Засгийн газрын “Шинэ сум” хөтөлбөрт Тосонцэнгэл сум хамрагдаж байгаа. Энэ хүрээнд таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Хоёр эх үүсвэр дээр дулааны нэгдсэн систем хийгдэж байгаа. Ингэснээр төрийн байгууллагууд болон төрийн үйлчилгээний байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дулаанаар хангах боломжтой болно. Хоёрдугаарт цэвэр усны нэгдсэн системтэй болж байгаа. Мөн ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ жил хараахан ашиглалтанд ороогүй. Харин ирэх жил орох юм. Дээр нь энэ төслийн хүрээнд Тосонцэнгэл суманд 3.1 км замын ажил хийгдсэн.

Мөн Эрчим хүчний яам, аймаг, хувийн хэвшлийн гурван талын хамтын ажиллагааны хүрэээнд концессын гэрээгээр МУ-ын хэмжээнд 33 сум нэгдсэн дулаантай болсон. Манай аймгийн Нөмрөг, Тэс сумууд нэгдсэн дулааны системд холбогдсон. Тэс сумын хувьд тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний 150 саяыг эрчим хүчний яам, 150 саяыг орон нутаг, үлдсэнийг нь хувийн хэвшил гаргасан. Нөмрөгийн хувьд 700 орчим сая төгрөг орсон. Мөн Тэс сумтай адил 150 саяыг эрчим хүчний яам, 150 саяыг орон нутаг, үлдсэнийг нь хувийн хэвшил гаргах замаар ажил явагдсан.

Бусад сумыг төвлөрсөн дулааны системд холбох боломжтой юу?

-Òөр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд цаашдаа төвлөрсөн дулааны системд холбогдох боломжит сумдыг нэгдсэн дулааны системд холбох ажлыг дэс дараатай хийнэ. Одоогоор найман сумыг төвлөрсөн дулаанд холбох концессын ажлын жагсаалтыг аймгийн ИТХ-аас батлан гаргасан байгаа. Хамгийн гол нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчид маань хүсэлт тавибал эхний ээлжинд боломжит сумдад хийгдэх боломжтой. Орон нутгаас болон Эрчим хүчний яамнаас энэ жил хөрөнгө байхгүй. Гэхдээ бид сумдыг дэс дараатайгаар төвлөрсөн дулааны системд холбох төлөвлөгөөтэй байгаа.

Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох асуудал хэр ахицтай байна вэ?

-Улаанбаатар-Улиастай чиглэлийн замын асуудал. Энэ бол маш хүндрэлтэй асуудал байсан. Ялангуяа Улиастайгаас Загастайн давааны ар хүртэлх 64 км замын ажил сүүлийн хоёр жил зогсонги байдалтай байсан. Бид холбогдох газарт бүхий л шугамаар хүсэлт тавьсны үндсэн дээр өнгөрсөн зун Хөгжлийн банкны санхүүжилтээр шийдвэрлэхээр болж  Насны зам компани тендерт шалгаран гүйцэтгэгчээр сонгогдсон.  Тендер сонгон шалгаруулалт нь оройтсоноос шалтгаалан 10 сарын сүүлээр ажлаа эхэлсэн. Ирэх хавраас ажлаа эхлэн 2016.12.31 гэхэд бүрэн ашиглалтанд оруулах гэрээтэй.  Тосонцэнгэлийн хувьд Улаанбаатар хоттой автозамаар бүрэн холбогдсон. Сая оны өмнө улсын комисс ажиллаад хүлээж авсан байгаа.  

2016-01-25 14:03:21