Монголын бүх ард түмний спортын XIV их наадам, улсын аварга шалгаруулах шатрын эрэгтэй 56 , эмэгтэй 48 дахь удаагийн шигшээ тэмцээн Завхан аймагт анх удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шатрын спортын эх орны нүүр царай болсон шилдэг шатарчид 9 хоногийн турш оюун ухаанаа уралдуулснаар энэ сарын 24-нд өндөрлөлөө. Тус тэмцээний хаалтад нутгийн удирдлагууд, Монголын шатрын холбооны төлөөлөгчид, шүүгчид, тамирчид, шатрын спорт сонирхогчид, аймгийн иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцлоо. Улсын аваргын тэмцээнийг Аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив хааж хэлсэн үгэндээ: “Төсөв санхүүгийн хүндрэлтэй энэ үед шатрын улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймаг орон нутагтаа зохион байгуулахад төр захиргааны зүгээс анхаарал хандуулан амжилттай зохион байгуулсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол улсын эрүүл мэнд спортын яам, Монголын бүх ард түмний спортын XIV спарткадыг зохион байгуулах хороо, Монголын шатрын холбоо, Аймгийн биеийн тамир спортын газар болон бусад хүмүүст талархал илэрхийлж, тамирчдыг шатрын дасгал сургуулилтаа сайжруулж Ази цомын аварга, дэлхийн шатрын олимпт амжилт үзүүлэх”- ийг хүсэн ерөөлөө.
Шатрын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн Улсын аварга шалгаруулах 56 дахь тэмцээний аваргаар "Өвөрхангай" аймгийн шатарчин, Олон улсын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал 11 тоглолтоос 9 хожил авч тэргүүлсэн бол мөнгөн медалийг Шунхлай группын тамирчин Их мастер Б.Гүндаваа, хүрэл медалийг Алдар спорт хорооны тамирчин Их мастер Ц.Батчулуун нар хүртлээ. Харин Эмэгтэйчүүдийн 48 дугаар тэмцээнд "Сүлд" спорт хороо "Мончесс" клубын шатарчин Олон улсын мастер, Эмэгтэй их мастер Түвшинтөгсийн Батчимэг 11 өргөөс 2 тэнцэж, 9 хожлоор тэргүүлэн Монгол улсын эмэгтэйчүүдийн хошой аварга болсон бол мөнгөн медалиар Завхан аймгийн Абико ХХК-ын тамирчин ОУМ Б.Анхчимэг, хүрэл медалиар спортын мастер Т. Мөнхзул нар тус тус шагнагдлаа.
Шилдгээр шалгарсан эрэгтэй 5 шатарчин 9 дүгээр сард Азербайджан улсын нийслэл Баку хотод болох 42 дугаар дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхтэй болж байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд дахин сорилго тэмцээнд хүч үзэх юм.