Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр Даваа гарагт Завхан аймагт ажиллаа. Энэ үеэр Завхан аймаг дахь Төрийн банкны салбарт зочилж орон сууцны ипотекийн зээлийн хүү , малчны зээлийн хүүг бууруулсан талаар харилцагчидтай санал бодлоо солилцсон юм. Ипотекийн зээлийн хүүг бууруулснаар залуу гэр бүлүүдийн амьдралд зохих дэмжлэг болж байгаад зарим гэр бүлүүд талархаж буйгаа илэрхийлэн дурсгалын зүйл гардуулж байлаа.
Дараа нь Нийгмийн халамж үйлилгээний хэлтсийн шинэ барилга болон хэлтсийн үйл ажиллагаа, Политехникийн коллежийн үйл ажилллагаатай тус тус танилцсан юм.
Мөн Завхан аймгийн Алдархаан суманд ажиллаа. Тэрээр “Ган Доной” ХХК тус суманд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр амины орон сууцны загвар барьсан тухайгаа танилцуулсан. Тус байр нь 80м2 талбайтай, 3 өрөө, тусдаа гарааштай, орон сууцны 1м2-ын үнэ 950.000 төгрөг юм . Сумын удирдлагууд төрийн албан хаагчид, залуучуудаа сумандаа амьдрах сонирхолыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү санаачилгыг дэмжин газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн гэдгийг хэлж байв.
Их хурлын дарга Хөгжимт жүжгийн театрт Улиастай сумын иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудыг танилцуулж, барилгын салбар, ипотек, бүтээн байгуулалт, бонд, дэд бүтэц , эрчим хүч, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Уулзалтын үеэр иргэд зарим асуудлыг тодруулж, санал хүсэлтээ хэлж байсан юм.
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив болон албаны бусад хүмүүс байлцлаа.