БНХАУ-ШУӨЗО-ны Алтай аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Товчооны намын үүрийн дарга Лю Ган-аар ахлуулсан тус аймгийн Барилга хот байгуулалтын газрын орлогч дарга болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй баг манай Завхан аймагт ажиллаад явлаа.
Мөн Завхан аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас санаачлан Алтай аймгийн төлөөлөгчдийг Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Хөгжлийн Бодлогын Хэлтэсийн дарга Д.Бат-Ундраатай уулзуулж зорилтот ажлуудын талаар танилцуулж санал солилцсон юм
Үүний дараа зочин төлөөлөгчид Улиастай хотын Барилгын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа БОДУ ХХК, Ханжаргалант стоунс ХХК болон Завхан Хүнс Группын Махны үйлдвэрийн үйл ажиллагаа, техник хэрэгсэлтэй танилцлаа.
Мөн Улиастьай хотын бизнес эрхлэгчидтэй уулзаж тоног төхөөрөмж болоод арга технологийн талаар санал солилцсон бөгөөд энэ үеэр Алтай аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Товчооны намын үүрийн дарга Лю Ган нь хэлэхдээ “Энэ удаа манай Алтай аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь бизнес эрхлэгчидтэйгээ хамт ирсэн нь Монгол улсын Завхан аймгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран хоёр аймгийн бизнес эрхлэгчдийн харилцаа холбоог өргөтгөх, аж ахуйг нэмэн хөгжүүлэх зорилгоор ирсэн билээ.Хамтран ажиллах үеэр хоёр талын үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал тулгарсан, зөрчил үүссэн тохиолдолд манай танхимаас зохицуулан үйлчлэх болно. Мөн зөвхөн бизнес биш соёл боловсролын тал дээр хамтран ажиллаж болох юм.Цаашдаа их сайхан харилцан амжилттай ажиллана гэдэгтээ итгэлтэй байна.” гэлээ.
Энэ хамтын ажиллагааны гэрээ бол Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл гэх мэт бүх салбарын бизнес эрхлэгчдийг хамарсан байдлаар Шинжан-Алтай аймгийн бизнес эрхлэгчидтэй холбох, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа болон худалдааны чиглэлээр харилцан үзэсгэлэн хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчилах,экспорт импортыг дэмжих мөн хил гааль дээр тулгамддаг асуудлыг тодорхой түвшинд шийдэх боломжийг эрэлхийлэх агуулгатай юм.