Аймгийн засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл мэнд”-ийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын дагуу “Орон нутгийн хөгжлийн сан”-д 38,9 сая төгрөг төсөвлөн 14 сумын багийн эмч нарт мотоциклыг өвлийн дулаан хувцсын хамт хүлээлгэн өгөх үйл ажиллагааг ЗДТГ-н НХХ-ээс “Нутгийн удирдлагын орд”-ны өмнөх талбайд зохион байгууллаа. Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, Засаг даргын орлогч Ч.Пунцаг, ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, НХХ-н дарга М.Гүрсэд, СТС-ийн хэлтсийн дарга Г.Ганболд, НХХ-н эрүүл мэнд, спортын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Бадамсүрэн нар оролцлоо.
Арга хэмжээг нээж аймгийн засаг дарга Ж.Жамъянтив үг хэлэхдээ “Эрүүл мэндийн анхан шатанд тусламж үйлчилгээг чанартай, шуурхай цаг алдалгүй, хүртээмжтэй үзүүлэх нь эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтын нэг бөгөөд өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, өвчин хүндэрч амь нас эрсдэхээс нь өмнө тусламж үзүүлэх нь эдийн засгийн өндөр үр дүнтэй төдийгүй эрдэнэт хүний амь нас, эрүүл оршиход нэн чухал үйл хэрэг юм.” гээд Хүн нэг бүрийн хичээл зүтгэл, итгэл сэтгэлээс тусламж үйлчилгээний үр дүн гарах тул та бүхэн иргэн бүртээ хүрч үйлчлэхийн төлөө хичээл зүтгэл гаргаж ажиллахыг хүсч, цаашдынх нь ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.
Засаг дарга сумдад тайлан танилцуулах хурлын үеэр авсан судалгаа болон санал хүсэлтэд үндэслэж зорилтот сумдыг ийнхүү унаажуулсан бөгөөд мөн 70 багийн эмч нарт дулаан хувцас илгээж анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжид дэмжлэг үзүүлсэн юм.