Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг Завхан аймгийн засаг дарга ноён Ж.Жамъянтив нээж үг хэлсэн бөгөөд нээлтэнд Жалханз хутагтын IX хувилгаан дүр Завхан аймгийн Дөрвөлжин сумаас тодорсон Жалханз Хутагт Данзэнчойжийванчүг (сахилын нэр) Алаг адуун овгийн Чулуунбаатарын Эрдэнэчулуун , ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал, засаг даргын орлогч Ч.Пунцаг, Улиастай сумын засаг дарга Д.Энх-Амгалан тэргүүтэй аймгийн удирдлагууд оролцлоо.
Энэ удаагийн наадмын нээлтийн урлагийн арга хэмжээг МУУГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын бүжигчин, бүжиг дэглээч, найруулагч В.Энхтайван найруулан тавьж хурсан олны сонорыг мялааж сэтгэлийг баясгалаа. Нээлтэнд урилгаар МУГЖ Н.Чулуунхүү, СТА М.Бямбажав, МУГЖ У.Далантай нар хүрэлцэн наадамчин олондоо ирж ая дууны эгшигэн цэнхэр хадаг өргөсөн бөгөөд Завхан аймгийн ХЖТ-ын авъяас билэг төгөлдөр уран бүтээлчид болон төрийн болон төрийн бус байгууллагын ажилчин алба хаагчид, ирээдүйн их эзэд болсон цэцэрлэг сургуулийн манлайлагч хүүхэд багачууд оролцсон юм.
Ийнхүү Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн уламжлалт их баяр наадмын нээлтийн ёслол төгөлдөр сайхан, хийморь бахархал дүүрэн эхэлсэн юм. Монгол төрийн их шүтээн, есөн хөлт цагаан тугийнхаа өмнө эрхий мэргэн харваачдын маань цэц мэргэн, аргамаг шандаст хүлгэ нь хурдан, хүчит бөхүүдийн мэх уран, шагайн харвааны оноч дүүрэн байж хурсан олон та бүгдийн магнай тэнүүн , сэтгэлийн баяслыг амсан үгийн сайхныг хэлэлцэж Монгол үндэстнийхээ их баяр наадмаар сайхан наадахын ерөөлийг Завхан нутгийн ахан дүүс та бүхэндээ өргөн дэвшүүлж байна.
Хурсан олон та бүхэн зол хийморь босоо дэнж хотойтол сайхан наадаарай.