Анхны өдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажил, давааны зам засварын ажил, “Ард иргэдээ сонсъё” аян 21 сумдаар ажлын хэсэг ажилласан тухай, албан байгууллагын хаягжуулалтын хэрэгжилтийн талаар дүгнэн хэлэлцлээ. Мөн “Цэвэр, цэмцгэр орчны төлөө хамтдаа” аяны 24, 25-нд болох “Бүх нийтийн цэвэрлэгээ”-нд ахмадын болон залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриаллаа. Хот тохижуулах ажлын хүрээнд аймгийн төвийн 44 зар реклам сурталчилгааны самбарыг эзэнжүүлэх, гудамж талбай хашаа хайсны өнгө төрхөнд анхаарах тухай, аймаг орон нутаг болоод үндэсний үйлдвэрлэлээ дэмжин ажиллах журмыг танилуулан ярилцлаа. Түүнчлэн аймгийн хэмжээний 11000 шатарч хүүхдийг Дэлхийн шатрын холбоонд бүртгүүлэх, шатарчин хүүхдүүдийг хүссэн үедээ онлайнаар дэлхийн өнцөг булан бүрийн тамирчидтай тоглож өөрийгөө хөгжүүлж боловсруулах боломжийг нээх мөн хүүхэд бүрийг бүртгэж Membershiр card олгох ажлын тухай тус тус хэлэлцлээ. Цаашид Даваа гараг бүрийн 08:30-09:00 цаг хүртэл албан байгууллага, хэлтэс агентлагийн дарга нартай тогтмол хурал хийж мэдээлэл солилцох юм.