ЗАВХАН АЙМАГ АВЛИГААС АНГИД АЙМАГ БОЛНО
848 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 11-р сарын 3-ны өдөр УИХ-ын чуулганаар батлагдсан. Тиймээс энэ хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулах, авлигаас урьдчилан сэргийлэх асуудал, орон нутагт анхаарах зүйл, хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхолын мэдүүлэг гаргах, бүртгэх ,хяналт тавих талаар мэдээлэл өгөхөөр Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг хөдөө орон нутагт 7 чиглэлд ажиллаж байна.  

Ажлын хэсгийнхэн энэ сарын 21-ээс 23-ны өдрүүдэд Улиастай хотод ажиллалаа. Энэ үеэрээ төрийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлагууд, сумдын удирдлагууд, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй уулзалт хийснээс гадна “Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт  хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.  Сургалтанд төрийн байгууллагын дарга болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, 24 сумын удирдлагууд, нийтдээ 250 гаруй оролцогч хамрагдлаа.

 

Завхан аймгийн хувьд АВЛИГААС АНГИД АЙМАГ болох зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээндээ төрийн албан хаагчдад зориулсан шат дараалсан сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс энэ ажлын эхлэл нь Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж байгаа энэхүү сургалт гэдгийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан онцоллоо. Мөн Аймгийн Засаг дарга иргэдээ сонсох утас ажиллуулж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох тал дээр анхаарч ажиллаж байгаагаа хэллээ.

 

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийнхэн энэ сарын 24-өөс эхлэн Тосонцэнгэл Их-Уул, Тэлмэн сумдад ажиллаж байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

2016-11-24 10:11:50