НУТГИЙН УДИРДЛАГЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ, СЕМИНАР БОЛЖ БАЙНА
957 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн 24 сумаас одоогоор 19 сум Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хийж ирэх 4 жил сум орон нутгийнхаа хөгжлийг тодорхойлох удирдлагуудаа сонгоод байна. Ард иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон сумын удирдлагууд буюу ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Газрын даамлууд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй нутгийн удирдлагыг чадавхижуулах 5 өдрийн сургалтанд хамрагдаж байна. Энэ сургалтыг зохион байгуулсанаар  аймгийн хэмжээнд нэгдсэн нэг бодлого, чиглэлтэйгээр сумдын удирдлагууд ажлынхаа гарааг эхлэх боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа ач холбогдолтой юм. Мөн нөгөө талаас шинээр томилогдсон дарга нар шинэ мэдлэг мэдээлэлтэйгээр ажлаа эхлүүлж байна.

 

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан  хоёр дахь захирамжаа “Ард иргэдээ сонсох тухай” захирамж гаргасан. Тиймээс энэ захирамжийн хэрэгжилтийг хангуулах,  иргэдээ сонсож, иргэдээсээ асууж байж аливаа шийдвэрийг гаргадаг байх хэрэгтэйг хэллээ. Тиймээс шинээр сонгогдсон сумын удирдлагуудыг хариуцлагатай байх, хүнд сурталгүй байх, иргэдтэй ойр, тэдний санал бодлыг сонсдог байх, шударга авлигаас ангид байх, төрийн залгамж халааг хадгалах, багаар ажиллах, манлайлал, өөрийгөө байнга хөгжүүлэх, шуурхай, цаг хугацааг баримтлах, гүйцэтгэлийн хяналтыг байнга тавьдаг байх гэсэн 9 үндсэн зарчмыг баримталж ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

 

 Ийнхүү сумдын удирдлагууд ажилдаа баримтлах зарчим, хэрхэн үр бүтээлтэй ажиллах нийтлэг дүрэм журам, хууль эрх зүйн ойлголт, албан хэрэг хөтлөлт, ажлын байрны тодорхойлолт, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө гээд олон төрлийн мэдээллийг агуулсан цогц сургалтанд хамрагдаж байна. Нутгийн удирдлагыг чадавхижуулах энэхүү сургалт, семинар энэ сарын 27 хүртэл үргэлжилнэ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2016-11-24 10:18:22