Одоогоор Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй суманд өвөлжилт хүндэрч болзошгүй, цас их хэмжээгээр орсон байдалтай байна. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллалаа. Энэ жил өмнөх жилүүдээс эрт цас орж, цасны зузаан тал газартаа 15-20 см, уулархаг хэсгээрээ 20-40 см байна. Тиймээс өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх хэмжээнд хүрээд байгаа юм. Зарим сумдад зам хаагдаад байна. Тухайлбал: Тэс сумын Нисэг, Баян-Уул баг, Баянхайрхан сумын Төөнөт, Минж багт нэлээд их хэмжээний цас орсон байгаа бол Баянтэс сумын Зайгал, Хачиг багуудын малчдад машин техникээр төрийн үйлчилгээг хүргэх боломжгүй болж, ердийн хөсгөөр харилцаа холбоо тогтоож байна. Мөн Тосонцэнгэл, Их уул сумдад ч нөхцөл байдал нэлээд хүндэрсэн тухай мэдээллийг өгч байгаа юм.
Тиймээс дээрх сумдын замыг гаргах, малчид бэлэн мөнгөгүй байгаа учраас өвс тэжээлээ нэмж нөөцлөхөд нь малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнээ худалдан борлуулах нөхцөлийг нь бүрдүүлж өгөх, эвдрэл гэмтэл, бензин шатахууны зарцуулалт ихтэй төрийн байгууллагуудын машиныг засч сайжруулахад нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, бог малын хөл халцрах, омруутах өвчин гарч магадгүй байгаа учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, зам гарц хаагдахаас өмнө мал дээр байгаа хүнд өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настануудыг суурин газар луу шилжүүлэх, төв дээрээ байгаа багийн дарга, эмч нарыг малчдынхаа дунд очиж ажиллуулах зэрэг асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ажлын төлөвлөгөө, мөн цаашид нөхцөл байдал илүү хүндэрсэн тохиолдолд авах арга хэмжээний тухай бэлтгэл ажлын төлөвлөгөөг гаргах үүрэг даалгаварыг аймгийн Засаг дарга өглөө.
Засгийн газрын тогтоолоор өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад ажлын шуурхай бүлэг гаран ажиллаж байна. Манай аймагт Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг ойрын өдрүүдэд ирж ажиллахаар төлөвлөж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12, 1 сард олон жилийн дунджаас ахиу хурт тунадас орж, хүйтрэх төлөвтэй байгаа юм. Тиймээс аймгийн Онцгой комисс хуралдаж төв суурин газар болон хөдөө орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна.
Б.Оюун-Эрдэнэ