ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТУХАЙ СУРГАЛТАНД ХАМРАГДАЖ БАЙНА
1230 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүн амьдралынхаа нийт хугацааны 70-аас дээш хувийг ажил мэргэжилтэйгээ холбоотой зүйлд зарцуулдаг байна. Түүнчлэн аливаа өвчлөлийн 80-аас дээш хувь нь сэтгэл санаа буюу стресстэй холбоотой байдгийг олон улсын эрдэмтэд судалгаагаар тогтоожээ. Мөн ажлын байрны стрессийн 80 хувь нь харилцаанаас шалтгаалдаг байна. Тиймээс аливаа байгууллагын албан хаагчид ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, аз жаргалтай амьдралыг цогцлоохын тулд ажил, амьдралдаа хэрхэн хандах, ямар зарчим баримтлах талаар тодорхой мэдээлэл өглөө. Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл судлаач М.Алтанцэцэг “Утга учиртай, зорилготой, аз жаргалтай амьдрал” сэдвээр, Хувь хүний хөгжлийн институтын сургагч багш, сэтгэл судлаач Ө.Батбаяр “Төрийн албан хаагчийн ёс зүй, имиж бүрдүүлэлт, багийн ажиллагаа, харилцаа хандлага” сэдвээр өчигдөр Нутгийн удирлагын ордонд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн байгууллагын албан хаагчдад  мэдээлэл өглөө.

 

Төрийн албан хаагчид ёс зүй, харилцааны соёлтой, иргэдэд чирэгдэлгүй үйлчилдэг, гэр бүл, хувь хүнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг байх, эцэст нь сэтгэл хангалуун ажлаа хийж, ажлын бүтээмж өндөртэй байх, шинээр бүрэлдэж байгаа хамт олныг эвсэг, бүтээлч, бие биенээ ойлгон хүндэтгэдэг хамт олон болоход нь хэрэгтэй мэдлэг, мэдээллээр хангах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм байна.

 

Харин өнөөдөр сумдын удирдлагуудад зориулан “Алсын хараатай зорилго, утга учиртай он жилүүд”, “Багийн хөгжил, багаар хамтран ажиллах соёл”, “Харилцаагаар амжилтыг урлахуй”, “Сайн удирдагч байх хандлага, манлайлах ур чадвар” сэдвүүдээр мөн  илтгэл тавьж, нэг өдрийн сургалтыг зохион байгуулж байна.  

 

Б.Оюун-Эрдэнэ

2016-11-24 10:53:39