СУМЫН ЗАСАГ ДАРГА НАР БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА
1441 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Одоогоор Завхан аймгийн 24 сумаас 19 нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа хийж сумынхаа ИТХ-ын дарга, Засаг дарга нараа сонгоод байна. Үлдсэн 5 сумаас 2 сум нь анхдугаар хуралдаанаа хийсэн боловч хурлаа хуулийн дагуу зохион байгуулаагүйгээс дахин хуралдахаар болжээ. Харин 3 сум хуралдаанаа огт хийгээгүй байна. Тухайлбал Шилүүстэй сум одоог хүртэл ямар нэгэн шалтгаангүйгээр анхдугаар хуралдаанаа зохион байгуулаагүй, хууль зөрчиж байгаа бөгөөд хэзээ хуралдах нь тодорхойгүй байгаа юм. Цэцэн-Уул сумд санал хураалтын дүнгээр хоёр нам тэнцсэнээс гадна 3 төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал зөрчилтэй, шүүхийн шатанд явж байна. Харин нэг мандаттай Алдархаан сумын хувьд хоёр намын нэр дэвшигчид хоёр удаагийн санал хураалтаар тэнцсэн байна. Гурав дахь санал хураалтаа хэзээ явуулах нь тодорхойгүй байгаа юм.

 

Хуулийн хугацаанд ямар нэгэн зөрчил дутагдалгүй анхдугаар хуралдаанаа зохион байгуулж ажлаа эхлүүлээд байгаа 19 сумын Засаг дарга нар өнөөдөр аймгийн Засаг даргаас батламжаа гардан авлаа.

 

Тэд сумын иргэдийн нийтлэг эрх ашиг сонирхолыг илэрхийлж, МУ-ын ЗГ-ын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг өөрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл гэж үзэж бүрэн хэрэгжүүлж ажиллах, Төр засгийн төлөөлөгчийн хувьд төрийн хууль ёсыг чандлан сахиж МУ-ын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, аймгийн Засаг даргын шийдвэрийг удирдлага болгон мөрдөж ажиллах, Төсвийн сахилга батыг бэхжүүлж, ил тод байдал, иргэдийн оролцоог ханган, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэн хяналтыг сайжруулж ажиллана зэрэг 12 заалт бүхий үүргийг хэрэгжүүлж ажиллахаа аймгийн Засаг даргын өмнө батламжиллаа.

 

Батламжаар хүлээсэн үүргийн биелэлтээ сумын Засаг дарга нар жил тутам аймгийн Засаг даргад тайлагнана.

 

Б.Оюун-Эрдэнэ

2016-11-24 12:45:46