ЗАВХАН АЙМГИЙН ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.
1075 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг  анх 2006 онд зохион  байгуулж байсан бол өнөөдөр 10 жилийн дараа хоёр дахь зөвлөгөөнөө зохион байгуулж байна. МУ-ын Засгийн газраас 2016 оныг ”Хэрэглэгчийн жил” болгон зарласан. Мөн Засгийн газрын 2009 оны “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөр, 2016 оны “Үндэсний чанарын хөтөлбөр” 2005 оны “Үдийн ца”й хөтөлбөр, МУ-д Үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, ОУ-ын тогооч нарын өдөр, МУ-д мастер тогооч цол олгож эхэлсэний 50 жилийн ой, “Хэрэглэгчээ дээдэлсэн Монгол тогооч” аяны хүрээнд салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний арга технологиос харилцан туршлага судлах, иргэдэд эрүүл орчинд эрүүл хоол хүнсээр үйлчлэх чадавхийг бүрдүүлэх зорилгоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд аймгийн хэмжээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулж буй тогооч, талх, нарийн боов үйлдвэрлэгчид оролцож байна. Сум бүрээс төлөөлөл ирсэн бөгөөд нийт 300 орчим төлөөлөгч энэхүү зөвлөгөөнд оролцож байгаа юм. Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Б.Ариунаа, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Саранчимэг, МХГ-ын дарга П.Батсайхан, Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга Г.Цэцэгээ болон бусад албаны хүмүүс урилгаар оролцож үг хэллээ.

 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Батсайхан “Хүнсний тухай болон хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт”, мастер тогооч Д.Тунсаг “Хоол үйлдвэрлэлийн ажлын байрны аюулгүй байдлыг хангах”, “Завхан хүнс атар” ХХК-ийн захирал Д.Мөнхзаяа “Хүнс үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Х.Даваахүү “Хүнсний үйлдвэрлэл эрхлэлтэнд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр Их Алтайн хил залгаа бүс нутгуудийн экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нөөц чадавхийн судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.

 

Зөвлөгөөнөөс “Зөвлөмж” гарган батлах юм. Аймгийн хүнс үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш хүнс үйлдвэрлэгчийн “Ур чадвар-2016” аймгийн аварга шалгаруулах тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж шилдгүүдээ тодруулна.

 

Б.Оюун-Эрдэнэ

2016-11-25 14:14:40