ЦАГААНЧУЛУУТ СУМД 320 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО
1629 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Хөдөө орон нутгийн хүүхдүүд өвлийн хүйтэнд даарч хөрөхгүй,  тав тухтай орчинд сурч боловсрох боломж бүрдсээр байна. Анх 2012 онд орон нутгийн төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шавыг нь тавьж байсан Цагаанчулуут сумын ерөнхий боловсролын 9 жилийн дунд сургууль шинэ хичээлийн байртай болж нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа болон сургуулийн хамт олон, сумын удирдлагууд, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо. Энэхүү 320 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байрыг улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4 жилийн хугацаанд барьж ашиглалтанд оруулсан байна.

Цагаанчулуут сумын ерөнхий боловсролын дунд сургууль  1953 онд байгуулагдсан бөгөөд 1978 онд 160 хүүхдийн судалтай хичээлийн байр, дотуур байр, спорт заал ашиглалтанд орж байжээ. Ийнхүү 38 жилийн дараа тус сургууль 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байртай болж багш сурагчид тохилог орчинд хичээл сургалтаа явуулж илүү хөгжих боломж бүрдээд байгаа юм.

 

Шинэ байр ашиглалтанд орохоос өмнө хүүхдүүд 2 ээлжээр хичээллэж, байрны хүрэлцээ хангамж муу байсан бол одоо 1 ээлжээр хичээллэж, сурагчид үдээс хойшдоо өөр өөрийн сонирхсон хичээлийнхээ дугуйланд хамрагдаж эхэлжээ.

 

Цагаанчулуут сумын 9-н жилийн дунд сургуульд одоогоор 180 гаруй хүүхэд суралцдаг бөгөөд цаашид 12 жилийн бүрэн дунд сургууль болох зорилт тавьжээ. Ингэснээр хүүхдийн тоо нэмэгдэж 300 орчим суралцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулна гэж үзэж байгаа юм байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

2016-11-29 16:32:56