АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
1304 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан албан байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлаа үргэлжлүүлсээр байна. Ингэхдээ тухайн байгууллага дээр очих талаар урьдчилж хэлэлгүйгээр, ажлын жирийн нэг өдөр төрийн байгууллага үйл ажиллагаагаа хэрхэн эхэлж, төрийн албан хаагчид үүрэгт ажлаа ямар түвшинд  гүйцэтгэж байгаатай танилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг даалгаварыг өгч байгаа юм.

Өнөөдөр аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Өглөөний 09:00 цагийн байдлаар 14 албан хаагчаас 6 ажилтан цагтаа ажилдаа иржээ. Уулзалт 10 цаг 45 минут хүртэл үргэлжлэхэд тус байгууллагын дарга ажилдаа ирээгүй бөгөөд байгууллагын удирдлагууд ийнхүү цагтаа ажил үүргээ гүйцэтгэхгүй байна гэдэг нь тухайн байгууллагын ажил урагшлахгүй байгааг илтгэж буйг санууллаа.  

 

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэдэг бол гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжилд чиглэсэн олон үр дүнтэй ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй томоохон байгууллага юм. Хамгийн сүүлд хийсэн стастистик судалгаагаар Завхан аймгийн хэмжээнд 20700 өрх, 0-5 насны хүүхэд 9278, 6-17 насны хүүхэд 15758, 18-34 насны залуучууд 19035 байна. Гэвч эдгээр зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн ажлууд эргэх холбоогүй,  бодит үр дүн нь хангалтгүй байгаа юм.

 

Тиймээс цаашид  “Хөгжил” гэдэг ойлголтоо зөв тодорхойлж, хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил рүү чиглэсэн ажлууддаа тодорхой ахиц гаргах үүрэг даалгаварыг өглөө. Ингэхийн тулд ирэх оныхоо ажлын төлөвлөгөөг боловсруулахдаа байгууллагаараа хэлэлцүүлэг хийж, зорилтуудаа зөв тодорхойлж, багаараа сайн ажиллах хэрэгтэйг хэллээ.  

 

Б.Оюун-Эрдэнэ

2016-11-30 16:36:21