МУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ БАГШ ДОРЛИГЫН ДАГВЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ
839 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Монголын орчин цагийн сурган хүмүүжүүлэх ухааны тулгын чулууг тавилцаж, ард түмнийхээ үр хүүхдийг соён гэгээрүүлэх их үйлсэд өөрийн биеэр үлгэрлэн, үнэтэй хувь нэмрээ оруулсан хүний нэг бол Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш Дорлигын Дагва юм. Түүний 100 насны ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Ч.Пунцаг, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц болон Дагва багшийн үр хүүхдүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид оролцлоо.

 

МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш Дорлигын Дагва одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт 1916 оны хавар мэндэлжээ. Тэрээр бага насандаа ээжийгээ алдаж аав, дүү хоёртойгоо өссөн ч сурч мэдэх, ажиллаж хөдөлмөрлөхийн төлөө өөрийгөө дайчлан монгол бичгээр алдаагүй цэвэр бичиж, уншиж, тооны ухаан, түмэн бодис, урлаг уран сайханд суралцан 10 гаруйхан настай хүү хөдөө нутагт эрдмийн үрийг тарьж байжээ. Өөрөөр хэлбэл хүүхдээ сургуульд өгдөггүй байсан 1930, 1940-өөд оны үед хүүхдийг сургуульд сургахын ач тусыг ард олонд ухуулан сурталчилж байсан алдар гавьяатан юм.

 

МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш Дагва сайн зохион байгуулагч төдийгүй зохиолч, яруу найрагч, найруулагч, жүжигчин, хөгжимчин, зураач, барималч гээд олон талын мэдлэг, авьяастай хөдөлмөрч сурган хүмүүжүүлэгч байжээ. Дагва багшийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн дурсан санах, бахархан дуурайх, сурталчлан таниулах “ЭЛСЭН ДООРХ БҮРЭЭН ДУУ” оюуны наадмыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар дэмжин ажиллалаа.  Дагва судлалын чиглэлээр эссэ бичих, түүний зохиосон шүлгүүдийг мэдэх, уран унших зэрэг төрлүүдэд 29 сургуулийн 14100 суралцагч 5 насны ангилалаар оролцож шилдэг 345 оролцогч наадмын хоёрын даваанд бүтээлээ ирүүлэн оюун ухаан, ур чадвар, авьяас билгээ сорилоо. Мөн ЕБС-ийн багш сурган хүмүүжүүлэгчдийн дунд зохион байгуулсан  “Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш Дорлигын Дагва судлал” сэдэвт онол арга зүйн илтгэл бичих уралдааны эхний шалгаруулалтанд 29 сургуулийн 356 багшийн 91 илтгэл оролцсоноос шилдэг 29 илтгэл хоёрын даваанд шалгарсан юм. Наадмын шилдгүүдэд аймгийн удирдлагууд болон түүний үр хүүхдүүд шагналыг нь гардуулан өглөө.

 

Мөн энэ үеэр түүний ажиллаж байсан сургуулиуд амьдрал, уран бүтээлийнх нь түүхийг өгүүлсэн сонирхолтой үзэсгэлэн гаргасан байлаа. МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат багш Дорлигын Дагвын 6 хүүхдийн 2 нь өөрийнх нь мэргэжлийг эзэмшсэн байна. Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр түүний үр хүүхдүүдийг Завхан аймгийн хүндэт тэмдэг, 90 жилийн ойн медалиудаар тус тус шагнаж урамшууллаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

2016-12-01 14:11:16