Завхан аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй, зарим сумдад зам хаагдах хэмжээнд хүрээд байгаа энэ үед ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх асуудал нэн чухал байгаа. Өөрөөр хэлбэл малаас илүү хүн рүүгээ анхаарлаа хандуулж, малчид эрүүл саруул байснаар мал аж ахуйгаа хөгжүүлэх учиртай. Аймгийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс 1-рт эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, 2-рт түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг хийх шаардлагатай байгааг аймгийн Засаг даргад уламжлаад байсан юм. Тиймээс эхний ээлжинд эмнэлгүүдийн орыг зориулалтын ороор шинэчлэх “Эмнэлгийн ор” төслийг хэрэгжүүлснээр одоогоор бүх эмнэлгийн ор 100 хувь шинэчлэгдээд байна. Мөн түргэн тусламжийн машины шинэчлэлийн ажлыг эхлүүлж ЭМЯ болон ОБЕГ, Улсын онцгой комисст хүсэлтүүдээ уламжилсаны үр дүнд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Их-Уул, Баянхайрхан, Эрдэнэхайрхан сумдад түргэн тусламжийн шинэ машин олгох тухай ЗГ-ын тогтоол гарч Улсын нөөцөөс хөрөнгийг нь санхүүжүүлсэнээр манай аймаг 2 дахь машинаа хүлээж авлаа. Алсын дуудлагын пургон автомашины түлхүүрийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан Нэгдсэн эмнэлгийн жолооч М.Эрдэнэбатад гардуулан өглөө.
Аймгийн нэгдсэн эмнэлэг алсын дуудлагын 5, ойрын дуудлагын 4 автомашинтай. Алсын дуудлагын 2 дахь машин нь ийнхүү шинэчлэгдээд байгаа бол үлдсэн 3 машин нь зогсолтын байдалтай байгааг хэлж байна. Мөн ойрын дуудлагын 2 машин нь ашиглах боломжгүй байгаа юм байна. 2-3 дуудлага зэрэг ирсэн тохиолдолд ЭМГ-ын болон Аймгийн ЗДТГ-ын машинаар алсын дуудлаганыхаа түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлдэг байжээ. Ийнхүү аймгийн Нэгдсэн эмнэлэгт алсын дуудлагын шинэ автомшин өгч байгаа нь нэг талаар хөдөө орон нутгийн иргэдэд яаралтай тусламжийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, нөгөө талаас алсын дуудлаганд явж байгаа эмч, сувилагч, жолоочийн амь нас, аюулгүй байдлыг хангахад томоохон хөрөнгө оруулалт болж буйг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Г.Цогзолмаа энэ үеэр онцолж байлаа.
Эрүүл мэндийн байгууллагуудын техник хэрэгсэлийн шинэчлэлийн асуудал нэлээд чухал байгаа хэдий ч цаашид зөвхөн төр засгаас тусламж хараад суугаад байхгүй ОУБ, төсөл хөтөлбөрүүдэд хандана гэдгээ энэ үеэр ЭМГ-ын дарга Дэмчигсүрэн хэллээ.
Ийнхүү саяхан Их-Уул сумын түргэн тусламжийн машиныг гардуулж өгөөд байсан бол энэ удаад аймгийн Нэгдсэн эмнэлэг түргэн тусламжийн цоо шинэ пургон автомашинтай боллоо. Аймгийн Засаг дарга энэхүү хөрөнгө оруулалтуудыг хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг онцлоод, цаашид ч сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн машины парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ гэдгээ хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ