АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫГ ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЖ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
1110 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аймгийн удирдлагууд долоо хоног бүрийн Даваа гарагийн өглөө 08:30 цагт албан байгууллагын дарга нартай уулзалт, хурал хийж хэвшээд байгаа юм. Өнөө өглөөний хурлаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнгөрсөн Баасан гарагт болсон аймгийн ИТХ-ын 3-р хуралдаан болон, 2017 оны төсөв санхүү, Үндсэн чиглэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.  Тэрээр хэлэхдээ: Манай аймгийн ОНХС-д 2016 онд 4,5 тэрбум төгрөг хуваарилагдсан бол үүнээс төсвийн тодотголоор 700 сая төгрөгийг хасч, одоогоор  900 сая төгрөгийн санхүүжилт дутуу байгаа юм. Энэ хөрөнгө оноос өмнө шийдэгдэхгүй бол ОНХС-аас санхүүжүүлэх эх үүсвэр хомсдох хэмжээнд хүрээд байна. Харин 2017 онд ОНХС-д 1,9 тэрбум төгрөг батлагдсанаас тусгай шилжүүлгээр 432.6 сая төгрөгийг зарцуулахаар болсон Тиймээс 1,5 тэрбум төгрөгийг хуваарилж зарцуулна. Ийнхүү 2017 он улсын хэмжээгээр төсөв санхүүгийн хувьд хүндхэн жил болж байгаа учраас албан байгууллагын дарга нар төсвийн зарцуулалт дээр нэлээд анхаарлаа хандуулж, шаардлагагүй зардлуудаа хэмнэж ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ирэх жил бол үр ашигтай санхүүгийн төсвийн жил байх ёстой. Энэ нь хамгийн бага зардлаар хамгийн сайн ,үр дүнтэй ажиллах хэрэгтэй гэсэн үг гэдгийг онцоллоо.  

Мөн энэ үеэр аймгийн ИТХ-ын 3-р хуралдаанд огт ирээгүй,  ажилтнуудаа оролцуулсан байгууллагын дарга нарт сануулга өгч, цаашид байгууллагын дарга нар оролцох ёстой хуралд тогтмол өөрийн биеэр ирж оролцож байх, зайлшгүй хүндэтгэх шалтгаантай тохиолдолд аймгийн ЗДТГ-ын даргаас албан ёсоор зөвшөөрөл авах зарчмаар ажиллахыг үүрэг болголоо.

 

Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажил, хот тохижилтын асуудалтай холбоотой цаг үеийн мэдээллийг өглөө. Хойд чиглэлийн 4 сумд цас их хэмжээгээр орж, орон нутгийн чанартай зам, гүүрүүд хаагдсан байгаа учраас аймгийн Засаг дарга 6,4 сая төгрөгийг шийдвэрлэж, зам нээх ажлыг өнөөдрөөс эхлүүлсэн байна.

 

Саяхан ОХУ-д хийсэн ажлын айлчлалын гишүүдийн бүрэлдэхүүнд  Улиастай сумын Хот тохижилт үйлчилгээний албаны дарга Ган-Эрдэнэ багтаж,  Кызыль хотын хот тохижилттой танилцаж, туршлага судлаад иржээ. Тус улсад өвлийн улиралд 1-рт: цас арилгадаг гар машин, 2-рт: гурван үйлдэлт автомашин хэрэглэдэг байна. Тиймээс Хот тохижилт үйлчилгээний албаныхан гар машиныг нь ямар ч төсөв хөрөнгөгүйгээр аж ахуйн аргаар хийж, одоо үйлчилгээндээ ашиглаж байгаа бол зах зээлийн ханшаар 80 сая төгрөгийн өртөг бүхий гурван үйлдэлт автомашиныг мөн л аж ахуйн аргаар хийж байгаа бөгөөд дуусах шатандаа орсон байна. Энэ мэтээр албан байгууллагын дарга нар аливаа ажлыг хийхдээ хамгийн түрүүнд төсөв хөрөнгө ярилгүйгээр идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн сахилга хариуцлага, ажлын уялдаа холбоог сайжруулж, байгууллагын дарга, ажилтан бүр ажилдаа сэтгэлээсээ хандаж, ажлын цаг баримталж, тухайн цагийг үр бүтээлтэй өнгөрөөх ёстой. Өөрөөр хэлбэл Завхан аймаг ХӨГЖСӨН АЙМАГ болохын тулд нэн тэргүүнд цагийн менежментийг хэрэгжүүлж үр ашигтай ажиллах ёстойг аймгийн Засаг дарга онцоллоо.


                                                                                                                                                                                                                                                                                                     Б.Оюун-Эрдэнэ

2016-12-05 15:49:06