БАШЛУУ ОВОГТ ДИЛОВ ХУТАГТ ЖАМСРАНЖАВЫН ЧАНДАР БУЮУ ЛАГШИН БИЕИЙН АДИСТИД ИХ ШҮТЭЭНИЙГ АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСААС ЗАЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО
3291 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Завханчууд бид Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыхаа ивээл дор, бурхан номын рашааны хур буусан эгэлгүй сайхан нутагт төрсөн азтай ард түмэн. Энэ л сайхан нутагт номч мэргэн, эрдэм ухаан төгс олон сайхан хутагт хувилгаадууд мэндэлж, үр хойч биднийхээ заяа буяныг дааж явдаг билээ. Тэдгээр эрхэм хүмүүний нэг бол 20-р зууны Монгол улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн Түдэвтэй сумын уугуул Башлуу овогт Дилов хутагт Жамсранжав юм. Тэрээр өөрийн намтараа хойч үеийнхэндээ дэлгэрэнгүй бичиж үлдээжээ.

 

Дилов хутагт 1884 оны хөх бичин жилийн10-р сарын 8-нд эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян айраг уулын өвөрт эрдэнэт хүний биеийг болж хорвоод мэндэлжээ. Жалханз хутагт С.Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд ажээ. Тэднийх Нарованчин хийдээс 30 орчим бээрийн зайтай байв. Дилов хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил дээрх хүрээний хоёр хутагт Дилов хутагт, Нарованчин гэгээн хоёул жанч халж тэдний хойд дүрийг тодруулахаар жирийн бус 40 гаруй хүүхдийн нэрсийг гаргасан байна. Хутагтыг эхээс мэндлэхэд тэдний гэрийн тооноор цагаан гэрэл цацарч байсан гэдэг. Чухам ийм учраас таван настай бяцхан хөвгүүн Жамсранжавыг онцлон үзэж, Дилов хутагтын тавдугаар хойд дүрээр тодруулжээ. Энэ үеэс Түвд хэл сурч, зургаан настайдаа нэг шогол нь 36 үгтэй, 3000 шоголтой ном тогтоож байжээ. Харин долоон насандаа Түвд номоо Монгол хэл рүү орчуулж, 12 насандаа Түвдээс Монгол хэл рүү, Монголоос Түвд хэл рүү судар чөлөөтэй орчуулах болжээ. Долоон настайдаа Равжун, 21 настайдаа Гэцэл сахил, 25 насандаа Цорж, 29 насандаа Самади багш цол хүртжээ. Дилов хэмээх нь Буддын шашны хэргэм аж.

 

Дилов хутагт Жамсранжав зөвхөн шашны зүтгэлтэн байгаад зогсохгүй эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхтэй байдал, Монгол зон олныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, энэ бие, нэг насны амьдралаа золионд гаргасан эх оронч улс төрийн нэртэй зүтгэлтэн байжээ. Тэрээр Хатанбаатар Магсаржав, Догсомын Бодоо нартай Орос Улсаас тусламж гуйхаар яваад албан бичиггүй хэмээн Хиагтын хил дээрээс буцаж байжээ. Богд хааны тамгатай тусламж гуйх тухай бичгийн эхийг Жалханз хутагттай хамт зохиосон байна. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг тэрээр баруун хязгаарыг тохинуулахад онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Түүнийг 1930-аад онд ”Эрэгдэндагвын 38-ын хэрэг”-т хамааруулан баривчилж, тэнсэн харгалзаж байв. Эд хөрөнгөө хураалгасан Эрэгдэндагва тайж Түвдийн Банчин богдод Монгол түмний амьдрал доройтож буйг дурьдаж, аврал өршөөлдөө багтаахыг гуйсан захидал илгээх санаа сэджээ. Энэ хэргээр дөрөөлөн Халхын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Галсандашийг буудан хороожээ. Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар Дилов хутагтыг өмнө зүгт илгээсэн байна. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дилов хутаг эх орноосоо урважээ” гэсэн худал цуурхал тараажээ. Энэ цуурхал тухайн үедээ харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хутагтын нэрэнд хар толбо, сэтгэлд нь бул чулуу болж эх нутагтаа хэзээ ч эргэн ирэх боломжгүй болж, “оргодол” хэмээх муу нэр нь үнэн мэт болж хувирсан нь үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно. Дилов хутагт 1931 оны 12-р сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж огтхон ч төлөөлөөгүй нь лавтай. Тэрбээр хүй цөглөсөн эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн хязгааргүй их байсан ч түүнд хүндтэй даалгавар итгэж өгсөн хүмүүс бүгд хэлмэгдлийн хар шуурганд өртөж, түүний “урвагч-оргодол” биш, “эх оронч-тагнуулч” болохыг гэрчлэх хүн үгүй болжээ. Эргэж ирээгүй нь ч зөв байсан байж болох юм. Тухайн үе бол  “оргодол” гэдэг нэрээр нь бамбай болгон баривчлан хороож ч магадгүй цөвүүн цаг байлаа.

 

Иймд тэрээр гадаадад цагаачлан амьдрахаас өөр аргагүйд хүрсэн байна. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “Гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт тагнуулын байгууллагын архивт хадгалагдаж байна. Хожим нь 1990 оны 5-р сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогт Жамсранжавт холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгажээ.

 

Өмнөд нутагт тэрбээр Банчин богд, Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж байхдаа Америкийн монголч эрдэмтэн О.Латтимортой танилцсан нь түүний амьдралын шинэ үеийг нээсэн байна. Нэр хүндтэй эрдэмтний урилгаар АНУ-д морилж, Жонс Хопкэнсийн их сургуулийн Монгол судлалын тэнхимд багшлах болжээ. Энэ хоёр их хүн амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл дотно нөхөрлөж, хамтран ажилласан байдаг. Хожим Нью-Жэрси мужид Халимагуудын байгуулсан буддын сүмийн хамба лам болжээ.

1960 онд Дилов хутагт “Монгол улс бусад тусгаар тогтносон улс гүрний адил Нэгдсэн Үндэстний Байгууллага”-д бие даасан гишүүн байж болно” хэмээн Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан нь түүний түүхэн гавьяа билээ.

 

Тэрээр 1965 оны  4-р сарын 7-нд Нью-Йорк хотод 82 насандаа тэнгэрт хальж бурханы хутгийг олов. Түүний хойдын буяны номыг 14-р Далай лам уншиж байжээ. Дилов хутагт Лхаст гурван жил болохдоо Далай ламын гэрийн багш байсан байна. Түүний өөрийнхөө гараар бичсэн “Ар Монголын улс төрийн дуртгал” ном түүхэн ховор чухал баримт болж, үндэс сууурийг нь тавьсан “Ницан” сүм Нью-Жэрси мужид сүндэрлэж, амьдрал тэмцэл нь “Цагаан дуганы гэгээ”, “Хорвоод ховорхон хүмүүс” кино, “Хүн, бурхан, адгуусын орноор”, “Дилов хутагт” романд мөнхөрч, дүр төрх нь Улиастай хотын Жавхлант толгой дээрх цагаан суварга болон Хутагтын хүрээлэнд мөнхрөн байна.

“Дилов хутагтын чандрын нэг хэсгийг нь буддын ариун дагшин орон Энэтхэг улсад цацаж, нөгөөг нь төрсөн эх орон Монгол улсад нь хүргэх аятай цагийг хүлээв” хэмээн түүхэнд өгүүлжээ. Энэ аятай цаг ирж, түүний шавийн төрсөн хүүхэд Гяамчо Балжийд хадгалагдаж, хамгаалж байсан хутагтын чандар буюу лагшин биеийн адистид их шүтээнийг Завхан аймгийн Бурхан шашинтны төв “Төгс Буянт Жавхлант хийд”-д залах үйл ажиллагааг энэ сарын 9-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулна.

 

Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистид их шүтээнийг АНУ-аас залах хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, хутагтын шавийн хүүхэд Гяамчо Балжий болон аймгийн удирдлагууд, Төгс Буянт Жавхлант хийдийн лам хуврагууд, ард иргэд оролцох тул сүсэгтэн олон та бүхнийг энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2016-12-07 15:05:29