Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өөрийн дотоод орлогоороо Завхан аймгийн төв Улиастай хотод Олон улсын жишигт нийцсэн 1440 м.кв талбайтай нэг цэгийн үйлчилгээ бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорин болон офиссын барилгыг шинээр барьж ашиглалтанд орууллаа. Ингэснээр албан хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байгаагаас гадна цагдан хоригдогчдын эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм.
Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 35 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг байна. Хуучин байр нь 1984 онд ашиглалтад орсон эрүүл ахуйн болон бусад стандартын шаардлага хангаагүй 19 хорих өрөөтэй байсан бол шинэ байр 13:30 м-ийн харьцаатай, зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар барилга юм. Нийтдээ 80-аад хоригдогч хүлээн авах хүчин чадалтай, 1 өрөөнд 1-4 хүн байрлахаар 21 өрөөтэй бөгөөд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг маш сайн хангажээ. Хуулиараа нэг цагдан хоригдогчид ногдох талбай 2.5 м.кв аас дээш байх ёстой. Шинэ барилга энэ шаардлагыг бүрэн хангасан бөгөөд 1 хүнд 4 м.кв орчим талбай ногдох юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “Нэг цэгийн үйлчилгээний төв”-тэй байснаар байгууллагынхаа үйл ажиллагааг ард иргэдэд таниулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх гээд олон давуу талтай юм. ШШГЕГазраас одоогоор 8 аймагт ШШГА-ны шинэ барилгыг ашиглалтанд оруулаад байгаа бол цаашид Баян-Өлгий, Өмнөговь аймгууд болон Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад шинэ барилга барихаар төлөвлөжээ.
Б.Оюун-Эрдэнэ