АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОРОН НУТГИЙНХАА ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРТАЙ НЯГТ ХАМТРАН АЖИЛЛАНА
1562 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Долоо хоног бүрийн Даваа гарагийн 08:30 цагт зохион байгуулж хэвшээд байгаа албан байгууллагын дарга нарын хурал 12-р сарын 12-нд 11 дэх удаагаа боллоо. Өнөөдрийн хурлаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа шийдвэрлэж, яригдсан хэд хэдэн асуудлаар мэдээлэл өглөө.  Тэрээр “Баруун бүс нутагт газрын доройтлыг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” сэдэвт төслийн сургалтанд оролцож хэд хэдэн асуудлыг шийдвэрлүүлэхээр болжээ. Манай аймаг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгүй ганцхан аймаг. Тиймээс аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндсэн чиглэлд тугагдсаны дагуу энэ төлөвлөгөөг хийх, “Оюунлаг Завханчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Завхан аймгийн хөгжлийн цогц бодлогыг шинэчлэхэд төслийн зүгээс дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Мөн “Төвлөрлийг сааруулах бодлого, нутгийн хөгжил” үндэсний чуулганд сумдын удирдлагуудын хамт оролцсон байна. Энэ чуулганаар төв рүү чиглэсэн төвлөрөлийг сааруулах чиглэлээр аймаг орон нутаг, сумын түвшинд юу хийж чадах талаар хэлэлцэж, нутгийн удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр зөвлөмж гаргажээ. Одоогоос 12 жилийн өмнө босоо удирдлагатай байгууллага 5 байсан бол өнөөдөр 30-д хүрсэн учраас энэ тоог цөөлөх, мөн санхүүгийн эрх мэдлийн босоо тогтолцоо өндөр байгааг багасгах зэрэг асуудлыг хэлэлцжээ.

 

Тэрээр мөн Тогтвортой бичил уурхайн төслийн семинарт оролцсон байна. Энэхүү семинараар уул уурхайн салбарын хөгжил, тэр дундаа бичил уурхайг хуулийн хүрээнд хэрхэн, яаж хөгжүүлэх талаар ярилцжээ.

 

Мөн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрөөс Түдэвтэй сумын сургуулийн дотуур байрны засварын ажилд 65.5 мянган долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болж албан бичигт гарын үсэг зурсан байна.

 

Түүнчлэн “Дэлхийн хотуудын аялал жуулчлалын холбоо”-ны ерөнхийлөгчтэй уулзаад иржээ. Уулзалтаар ирэх оны 7-р сарын эхээр аялал жуулчлалын бага хурлыг Завхан аймагт зохион байгуулахаар ярилцсан байна. Эцсийн шийдвэр 12 сард багтаж гарах юм. Хэрвээ энэ хурлыг манай аймагт зохион байгуулвал  300 жуулчин ирнэ. Ингэснээр аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэх эхлэл тавигдана гэж харж байгаа юм.

 

Мөн ирэх хавар гадны хөрөнгө оруулалтаар 10.000 га талбайд улаан буудайн тариалалт хийх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Ирээдүйд манай аймаг хүнсний ногоо, малын тэжээл тариалдаг тариалангийн бүс нутаг болно. Ингэснээр ажлын байр нэмэгдэх юм. Энэхүү ажлыг хамтарсан компани байгуулах зарчмаар зохион байгуулж чадвал, цаашлаад гурилын үйлдвэр байгуулах боломж бүрдэнэ. Өнөөдөр Хятадын зах зээл дээр цэвэр эко хөрсөн дээр, ямар нэгэн үр бордооны хүчиллэгийн нөлөөгүй тариалсан улаан буудай, түүгээр хийсэн гурил нэн чухал шаардлагатай байгаа юм байна. Тиймээс дотооддоо үйлдвэрлэж, Хятад руу экспортонд гаргадаг гурилын үйлдвэртэй болохыг зорьж байгаа юм.

Ирэх онд гадаадын 500 гаруй томоохон төлөөлөгч оролцсон “Нүүдлийн соёл иргэншил ба аялал жуулчлал” ОУ-ын бага хурал Монгол улсад болно. Энэ үеэр хөрөнгө оруулагчдын чуулган болж бичил төслүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг шийдвэрлэх боломж бүрдэх юм. Тиймээс Завхан аймагт хэрэгжиж болох, үндэслэл, судалгаа сайтай, өөрөө өөртөө ажлын байр бий болгох, үр дүнтэй бичил төслийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогыг хэлтэст өгөх хэрэгтэйг энэ үеэр хэллээ.

 

Мөн өрх бүр үйлдвэрлэгч байх зорилтын хүрээнд бүх сумдад оёдолын сургалт зохион байгуулсны үр дүнд одоогоор 1000 эмэгтэй зүү ороох гоёлын оёдол хийдэг болжээ. Эдгээр оёдолчдын төлөөллийг оролцуулж, бүтээлийнх нь үзэсгэлэн худалдааг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тиймээс борлуулахын тулд биш, бүтээе гэсэн сэтгэлээр маш сайн, чанарын өндөр түвшинд урлаж байгаа эдгээр оёдолчдод сар шинэ, баяр ёслолынхоо дээл хувцасны захиалгыг өгч орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг онцоллоо. Харин орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор амралтын өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын болон сумдын “Иргэний танхим”-д оёдолчин эмэгтэйчүүд ажиллах боломжийг бүрдүүлж өгөхөөр шийдвэрлэжээ. Ард иргэд ч амралтын өдрүүдэд оёдолчдын бүтээлүүдтэй танилцаж болох юм. Цаашлаад европ хувцасыг ч чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх хэмжээнд хүртэл нь оёдолчин бүсгүйчүүдээ дэмжинэ гэдгээ энэ үеэр илэрхийллээ.

 

Түүнчлэн Улаанбаатар хотод бизнесийг дэмжих шинэ нэгж байгуулан ирэх оны 1 сарын 1-ээс эхлэн ажиллуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл УБ хотод Завхан аймгийг төлөөлөх нэгж байгуулж орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Улаанбаатарын зах зээлд борлуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Тиймээс орон нутгийн бизнес эрхлэгчид УБ хот дахь нэгжтэйгээ холбогдож үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэхээс гадна УБ хотод ажиллаж амьдарч байгаа эрдэмтдийн санал бодлыг сонсдог, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний санаа гаргах зэрэг харилцан ашигтай ажиллах гарцуудыг энэ нэгж нээж өгсөнөөр орон нутгийн бизнес хөгжинө хэмээн харж байгаагаа хэллээ.

 

Ирэх 7 хоногоос эхлэн албан байгууллагын дарга нарын хурлыг  тухайн байгууллагын үйл ажиллагаатай танилцах журмаар өөр өөр байгууллага дээр зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ. Эцэст нь тэрээр албан байгууллагынхаа дарга нартай аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө нэг баг болж, нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2016-12-12 17:04:40