Завхан аймаг гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр нэлээд анхаарал хандуулан ажиллаж байна. Ялангуяа хил залгаа орших ОХУ-тай олон салбарт хамтран ажиллахаар төлөвлөж байна. Тухайлбал аймгийн Засаг дарга Новосибирск хотод болсон хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт оролцож хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэсэн бол мөн Тува улсын Засгийн газрын урилгаар тус улсад албаны айлчлал хийж 2 орны харилцааг өргөжүүлэх чиглэлээр бодит ажлуудыг тусгасан гэрээ байгуулаад байгаа юм. Эдгээр ажлын үр дүн эхнээсээ биелэлээ олж Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй гэрээ байгуулснаар тус төвийн салбар болох “Зав-Русь” орос хэлний төв Завхан аймагт нээгдлээ. Энэ төв нээгдсэнээр оюутан сурагчид болон иргэд орос хэлийг өндөр түвшинд сурах боломж бүрдэхээс гадна хоёр орны эдийн засаг, бизнес, соёлын харилцаа өргөжихөд томоохон хувь нэмэр оруулах юм.
Манай улсын ерөнхий боловсролын сургалтын системд орос хэлний боловсролын цаг хангалттай бус байдаг. Тиймээс энэ төвөө түшиглэн сурагчид хэлний мэдлэгээ дээшлүүлэн улмаар тус улсад тэтгэлэгээр үнэ төлбөргүй суралцаж, дэлхийн боловсрол эзэмших боломж нээгдэж байгаагаараа давуу талтай.
Мөн Монголоос ОХУ, ЗХУ-д сургууль төгсөгчдийн холбоог удирдах зөвлөлийн 7, нийт 58 гишүүнтэйгээр байгуулж цаашид хийх ажлуудаа тодорхойлжээ. Тухайлбал сургалтын хувьд дараах зорилтыг тавьсан байна. Үүнд: - Орос хэлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөх суралцагчдад үнэ төлбөргүй сургалт зохион байгуулах – 2017-2018 оны хичээлийн жилд ОСШУТөвөөс жил бүр уламжлал болгон зохиогддог баруун бүсийн орос хэлний олимпиадад суралцагчдаа бэлтгэн ажилттай оролцуулах –Төрөл бүрийн төлбөртэй сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах – Багш, сурагч солилцоо, багш нарын мэдлэг мэргэжлийн дээшлүүлэхэд ОСШУТ-ийн сургагч багш нарыг урьж сургалт явуулах, төгсөгчдийн санал хүсэлтэнд тулгуурлан тэдгээрийн мэргэжил, сонирхсон чиглэлээр уулзалт, семинар, сургалт, ярилцлага, Монгол-Оросын найрамдлын өдрүүдийг тус тус зохион байгуулах зэрэг шат дараалсан олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Оросын соёл шинжлэх ухааны төвөөс Зав-Русь төвд бүх шатны сургалтын хөтөлбөр, олон төрлийн сурах бичиг, гарын авлага материалуудыг бэлэглэснээс гадна мэргэжлийн багш нар заавар зөвлөгөө өгч ажиллах юм байна. Түүнчлэн энэ төв компьютер, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд зарим сумдад мөн салбар төвийг нээхээр төлөвлөжээ. Ийнхүү хойд талаараа ОХУ-тай хиллэдэг Завхан аймагт Оросын соёл, шинжлэх ухааны төвийн салбар нээгдсэн нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах чухал алхам боллоо.
Б.Оюун-Эрдэнэ