Долоо хоног бүрийн Даваа гарагийн өглөө 08:30 цагт эхэлдэг албан байгууллагын дарга нарын уулзалт өнөө өглөө аймгийн Эрүүл мэндийн газарт боллоо. Ийнхүү өөр өөр байгууллага дээр уулзалтыг зохион байгуулж хэвшсэнээр албан байгууллагын дарга нар бусад байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах боломж бүрдэж байгаа юм. Уулзалтын эхэнд аймгийн Эрүүл мэндийн газраас эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажил, эрүүл мэндийн тогтолцоог 2016-2020 онд бэхжүүлэх төлөвлөгөөний талаар товч мэдээлэл өглөө. Түүнчлэн манай улсад хяналтгүй хэрэглээг бий болгож буй антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэх аман тангарагийг албан байгууллагын дарга нараар өгүүлсэн юм.
Харин аймгийн Засаг дарга хэлэхдээ, хүнээ эрүүл байлгана гэдэг хамгийн чухал асуудал учраас албан байгууллагууд дээр хийх уулзалтаа Эрүүл мэндийн газраас эхэлж байгаа нь ч бас учиртай. Эхийн эндэгдэлгүй амжилттай ажиллаж байгаа Завхан аймаг энэ амжилтаа цаашид хадгалж явна гэдэг том хариуцлага юм. Хүүхдийн эндэгдэл ч мөн буурсан байгаа. Сум бүрийн 3 эмчийн нэгийг нь хүүхдийн эмчээр мэргэшүүлнэ, ингэснээр хүүхдийн эндэгдэл эрс буурна. Цаашид аймаг, сумын түвшинд эмнэлгийн тоног төхөөрөмжийн асуудал дээр ч анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Тэрээр мөн өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдалын мэдээллээс танилцууллаа.
Одоогоор манай аймгийн 4 сумын 9 багт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн байна. Өнгөрсөн долоо хоногт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажилласан юм. Тэрээр Завхан аймгийн зүгээс уламжилсан хүсэлтүүдийн дагуу хаагдсан зам давааг онгойлгох, айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, отрын малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, цаг үеийн бусад асуудлыг шийдвэрлэхэд 100 сая төгрөг шийдвэрлэж өгснийг дуулгасан байна.
Түүнчлэн аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 10-ны өдрийн орон нутагт үйлдвэрлэсэн болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх тухай захирамжийн биелэлт хангалттай бус байгаа учраас албан байгууллагын дарга нар нутгийнхаа хөгжлийн төлөө сэтгэл гарган ажиллаж, энэ захирамжийн биелэлтийг байгууллагынхаа түвшинд төдийгүй, найз нөхөд, гэр бүлийнхээ түвшинд ч хэрэгжүүлж ажиллахыг уриаллаа. Мөн энэ үеэр Завхан аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр ширээгээ засаагүй аливаа байгууллагын баяр ёслол, үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга оролцохгүй гэдгээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл байгууллагуудаас гарч буй зардал Завхан аймагт баялаг болж үлдэх ёстой гэдгийг тэрээр онцолсон юм.
Мөн өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн байгуулсан байна. Энэ сарын 29-нд нийт 9 төрлөөр аймгийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ёслол болох учраас саналаа ирүүлэх боломжтой гэдгийг хэллээ. Дашрамд дуулгахад “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр Завхан аймагт үндсэн 5 чиглэлээр хэрэгжих юм.
Ирэх жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж БНХАУ, ОХУ, Япон улс, БНСУ, ХБНГУ зэрэг улсуудтай эрх мэдлийнхээ хүрээнд хамтран ажиллахыг зорьж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын парламентийн гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж боловсрол, бизнесийн салбарт хамтран ажиллах тухай санал тавьжээ.
Ийнхүү уулзалтын төгсгөлд ирэх долоо хоногийн хурлыг аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хийхээр тогтлоо.
Б.Оюун-Эрдэнэ