Энэ оны сүүлийн албан байгууллагуудын дарга нарын хурал аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр боллоо. Хурлын эхэнд Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Г.Цогзолмаа байгууллагынхаа үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлууд, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө. Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлэг 205 ортой, 301 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Өмнө нь өдөрт 60 шинжилгээ хийдэг байсан бол одоо 130 шинжилгээ хийдэг болсноос гадна ард иргэдийн бухимдлыг ихээр төрүүлдэг байсан очер дугаарын асуудлыг иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр шийдвэрлэж чаджээ. Мөн эрчимт эмчилгээний тасгийн хэвтэн эмчлүүлэгчийг ар гэрийнхэнтэй нь камераар харьцах боломжийг бүрдүүлсэн, Хөнгөвчлөх тасагт “Сэтгэл засал”-ын өрөөг шинээр тохижуулсан, Уламжлалтын кабинетыг ОНХС-аас санхүүжүүлж засвар хийсэн зэрэг олон бүтээн байгуулалтын ажлууд хийсэн бол , нэн шаардлагатай тулгамдаж буй асуудлууд мөн байгааг энэ үеэр дуулгалаа. Тухайлбал дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, гемодиализын тоног төхөөрөмж, бүрэн тоноглогдсон ойрын дуудлагын яаралтай тусламжийн машин нэн тэргүүнд хэрэгтэй байгаагаас гадна 2005 оноос хойш засварт ороогүй, халдвар гарах магадлал өндөртэй байгаа Мэс заслын тасагт 178 сая төгрөгөөр их засвар хийх шаардлагатай байгааг мөн хэллээ.
Энэ үеэр “Эрүүл зөв хооллолт”-ын талаар товч мэдээлэл өгсөн юм. Дашрамд дуулгахад аймгийн Нэгдсэн эмнэлэг эмчилгээний хоолнуудыг тухайн өвчтөнд тохируулан хийдэг болсон байна. Өөрөөр хэлбэл өвчтөн, сахиурууд гэрээсээ хоол зөөх шаардлагагүйгээр бага зэргийн төлбөр төлөөд эрүүл хоол хэрэглэх боломж бүрджээ. Уулзалтын үеэр эмчилгээний хоолнуудаараа үзэсгэлэн гаргасан байлаа.
Аймгийн ЗДТГ-ын дарга Л.Лхамсүрэн энэхүү шуурхай хурлыг зохион байгуулж хэвшсэнээр бүх хүн нэгдсэн нэг мэдээлэлтэй болж байгаа гэдгийг онцлоод байгууллагуудын дарга нарын ирцийн мэдээг танилцуулж, хурлыг удаа дараа тасалсан дарга нарт хариуцлага тооцно гэдгээ хэллээ.
Мөн аймгийн Засаг дарга Д.Батсайхан дараах мэдээллүүдийг өглөө. Санхүүгийн хяналт аудитын албанаас 23 сумд 3 үндсэн сэдэвчилсэн шалгалт хийж дууссан бөгөөд аливаа шалгалт гэдэг бол том зөрчлийг бага дээр нь илрүүлэх зорилготой гэдгийг онцоллоо. Мөн ахмадын хорооны удирдлагуудтай уулзалт хийж, тус байгууллага цаашид хэрхэн үр дүнтэй, тогтмол үйл ажиллагаагаа явуулах асуудлыг шийдвэрлэж, нэгдсэн нэг ойлголцолд хүрчээ. Ахмадын ордныг Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болгосон бөгөөд ингэснээр ахмадын үйл ажиллагаануудыг байнга явуулж байх эдийн засгийн болон орчин нөхцөлийг нь сайжруулч өгч байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл Ахмадын ордны үйл ажиллагааг зөвхөн ахмадууд өөрсдөө хариуцвал сардаа 20 сая төгрөгийн ашиглалтын зардал гарч хэдхэн сарын дараа үйл ажиллагаа нь бүрэн зогсох хэмжээнд хүрэх учраас тэрхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан гэдгээ хэллээ.
Мөн энэ оны улсын төсвийн болон ОНХС-ийн санхүүжилтүүд бүрэн орж ирэхээр болсон учраас оны эцсийн байдлаар аймгийн хэмжээнд өрийн асуудлууд шийдвэрлэгдэж байгааг дуулгалаа. Харин ийнхүү өргүй болох нэг хэрэг, цаашид энэ байдлаа хадгалж явах нь хамгийн чухал юм. Тиймээс ирэх оноос аймгийн Засаг дарга бүх сум, байгууллагуудын санхүүгийн сахилга бат, хариуцлагыг чангатгаж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Харин мал тооллогын урьдчилсан дүнгээр энэ жил аймгийн хэмжээнд малын тоо толгой 272 мянгаар буюу 8.7 хувиар өсч 3 сая 405 мянган толгой малтай болжээ. Энэ тухай ирэх 7 хоногийн хурал дээр тодорхой мэдээлэл өгөх юм.
Түүнчлэн шинэ жилийн баярын амралтын өдрүүдээр 4 хоног амарч, ЗГ-ын тогтоолоор ирэх 7 хоногийн Бямба гарагт ажиллана. Тиймээс амралтын өдрүүдээр анхаарах ёстой олон асуудал байгаа учраас аймгийн Засаг дарга албан байгууллагуудын дарга нарт хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Үүнд:
Ийнхүү 2016 оны 9 сараас эхэлсэн албан байгууллагын дарга нарын хурал 14 дэх удаагаа амжилттай болж, “Шинэ оноо шинээр эхэлье” гэдэг уриагаар аймгийн Засаг дарга Д.Батсайхан ээлжит хурлаа өндөрлүүллээ.