Улс эх орон, төрөлх Завхан нутгийнхаа хөгжлийн төлөө олон жил үр бүтээлтэй ажилласан Завхан аймгийн 68 иргэн МУ-ын ерөнхийлөгчийн 170 тоот зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медалиар тус тус энгэрээ мялаалаа. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 105 жилийн ойн баяр, өвлийн дунд сарын шинийн 30-ны билигт сайн энэ өдөр Нутгийн удирдлагын ордонд болж аймгийн удирдлагууд шагналыг нь гардуулан өглөө.
Ийнхүү төр түмэндээ ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медаль хүртсэн аймгийн төвийн болон ойролцоох сумын иргэд өнөөдөр шагналаа гардаж авсан юм. Түүнчлэн МУ-ын гавьяат хуульч цол тэмдгээр Завхан аймгийн Идэр сумын харьяат, цагдаагийн хурандаа Г.Рэнцэндорж, МУ-ын гавьяат эдийн засагч цол тэмдгээр УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир, аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр өндөр настан н.Ойдов нар шагнагдсаныг энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батсайхан онцлоод, төрийн дээд шагнал хүртсэн нийт Завханчууддаа баяр хүргэж, булган сүүлтэй, угтах ирээдүй нь сүүн цацалтай байхын ерөөл өргөлөө.
Б.Оюун-Эрдэнэ