АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ
1915 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурал өчигдөр болж зөвлөлийн гишүүн Ч.Пунцаг, Л.Лхамсүрэн, О.Энхбат, Ж.Хүрэлбаатар, С.Болортуяа, Ж.Батцэнгэл, А.Шаравжамц, Н.Бямбадорж, С.Цэрэнсамбуу, С.Отгонням, Б.Эрдэнэбаатар, Б.Ганболд, Т.Пүрэвжаргал нар оролцлоо. Энэ удаагийн хурлаар

 

1. Улсын сайн малчинд тодорхойлогдсон малчдыг шалгаруулах

 2. Аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 26-ны өдрийн Удирдамжийн дагуу сумдад хийгдсэн шалгалтын дүнг танилцуулах

3. Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, төсвийн сахилга хариуцлагыг сайржуулах жилийн хүрээнд хянан зөвлөх ажлын хэсэг томилох, ажиллах журам боловсруулах тухай асуудлыг тус тус хэлэлцлээ.

 

Эхний асуудлыг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн, Хөдөө аж ахуйн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Азжаргал танилцууллаа. “Улсын аварга малчин”-ны шагналд нийт 9-н сумын 13 малчны материал ирүүлснээс Их-уул сумын Хуягт багийн малчин Дашдоржийн Жигжидлхам, Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Буршаагийн Баярсайхан, Идэр сумын Загастай багийн малчин Гончигийн Сандаг-Очир, Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин Сэдхүүгийн Пүрэв, Цэцэн-уул сумын Жаргалант багийн малчин Бүлтгэрийн Хадхүү нарын материал 18 шалгуур үзүүлэлт, мөн туслах үзүүлэлтүүдийг хангасан байна. Бусад малчдын материал ямар шалгуур үзүүлэлтийг хангахгүй байгаа тухай нэг бүрчлэн танилцууллаа. “Улсын аварга малчин” шалгаруулах шинэчлэгдсэн журмын дагуу Аймгийн Засаг даргын Зөвлөлийн Хурлын тэмдэглэл, Засаг даргын албан тоот, материалын хамт хүргүүлэх юм байна.

 

Нэгэнт шалгуур үзүүлэлт хангасан хүмүүсээ дээш нь уламжилж, олон жил материалаа ирүүлсэн атлаа шаардлага хангахгүй буцаж байгаа малчдын материал  хэнтэй холбоотой байгааг хянаж үзээд, холбогдох хүмүүст нь анхааруулах, мөн  сүүлийн жилүүдэд “Улсын аварга малчин”-д тодорхойлолт  идэвхитэй ирүүлдэг 7-8 сум л байна. Тиймээс бусад сумдын мал үржлийн тасгийн ажилтнуудыг зөвлөмж, зөвлөгөөгөөр хангаж ажиллах хэрэгтэй зэрэг саналуудыг зөвлөлийн гишүүдийн зүгээс тавьж байлаа. Ийнхүү “Улсын аварга малчин”–аар шагнуулахаар материалаа ирүүлсэн 5 малчныг дэмжих санал хураалтыг явуулж

  1. Их-уул сумын Хуягт багийн малчин Дашдоржийн Жигжидлхам
  2. Тосонцэнгэл сумын Идэр багийн малчин Буршаагийн Баярсайхан
  3. Идэр сумын Загастай багийн малчин Гончигийн Сандаг-Очир
  4. Эрдэнэхайрхан сумын Алтан багийн малчин Сэдхүүгийн Пүрэв
  5. Цэцэн-уул сумын Жаргалант багийн малчин Бүлтгэрийн Хадхүү нарыг “Улсын аварга малчин”-аар шагнуулахаар Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, Засгийн газрын 202 дугаар тогтоолын дагуу холбогдох материалыг хугацаанд нь Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн 2 дахь асуудал болох Аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 34 тоот удирдамжаар сумдад хийсэн сэдэвчилсэн шалгалтын дүнг Санхүүгийн хяналт, аудитын албанаас танилцууллаа. Шалгалтаар ой, ус зэрэг нөөцийн төлбөр, түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, хог хаягдлын үйлчилгээний хураамж зэргээс орох орлого хангалтгүй, эзэнгүйдсэн, халаалтын 1м.кв-ын үнэ үндэслэлгүй, хэт өндөр тогтоогдсоноос төсвийн байгууллагуудын өрийн ихэнхийг халаалтын өр эзэлж байгаа, улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар барилга, байгууламжийг барих, засварлах ажил зөвхөн комисст зориулагдан тохиролцооны журмаар хийгддэг, чанаргүй, насжилтгүй, шаардлага хангахгүй мөртлөө өндөр үнэ өртгөөр баригдаж байгаа, Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт, олголт олон нийтэд нээлттэй бус, цөөхөн хэдэн хүний мэдлийн сан болж хувирсан зэрэг олон зөрчил дутагдал байгааг илрүүлжээ.

 

Аймгийн Засаг дарга хамгийн гол нь үр дүн, гүйцэтгэлийг чухалчилж хэд хэдэн шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Юуны түрүүнд сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэх, комиссыг өөрчлөх ажлыг зохион байгуулах хэрэгтэйг хэлээд дараах үүрэг даалгаваруудыг өглөө. Үүнд: Орлогоо нэмэгдүүлж, зардалаа бууруулах, халаалтын үнэ тарифыг шинэчлэн тогтоох, аймгийн Цагдаагийн газраас групп томилж ажиллуулах, энэхүү тайлантай холбоотой сэдэвчилсэн шалгалт хийх, эргэлтийн эмийн санг сайжруулах төлөвлөгөө боловсруулах, хариуцлагагүй ажилласан төрийн албан хаагчдад хариуцлага тооцох, дизель мотор, хөрөнгийн асуудлаар Орон нутгийн өмчийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг томилж ажиллуулах, сумдын Засаг дарга нарт шалгалтын дүнг танилцуулах, төсвийн захирагч нарт зөвлөмж хүргүүлэхээр боллоо.

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн 3 дахь асуудлын хүрээнд хамгийн их орлого бүрдүүлж, хамгийн бага зардлаар сайн үр дүнд хүрэх  ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилсон юм.  

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-01-03 18:38:56