ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙ, АЖЛЫН ХАРИУЦЛАГА, МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ
1625 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албан хаагч бол төрийн үйлчилгээг ард иргэдэд ил тод, шуурхай,  шударга, хүнд сурталгүй, хүртээмжтэй, чанартай хүргэх ёстой үйлчилгээний ажилчид юм. Тиймээс  төрийн үйлчилгээг төрийн албаны стандартын дагуу иргэдэд үр дүнтэй хүргэх, төрийн жинхэнэ албан хаагчийн “Үр дүнгийн гэрээ”-г чанарын өндөр түвшинд байгуулах, төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг мөрдүүлэх талаар болон бусад цаг үеийн асуудлаар Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга С.Отгонням, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл, Архивын тасгийн дарга Ш.Даваадэмбэрэл нар сумдын ЗДТГ-ын дарга нарт мэдээлэл өглөө.  Засаг даргын Тамгын газрын дарга нарын зүгээс босоо удирдлагатай төрийн байгууллагын албан хаагчид сумын удирдлагуудтайгаа хамтран ажиллаж чадахгүй байгаа учраас сумын ЗДТГ-ын саналыг үндэслэж үр дүнгийн гэрээг нь дүгнэдэг болох,  зарим хурлыг онлайнаар хийж холбогдох мэргэжилтнүүдтэйгээ хамт оролцож байвал илүү үр дүнтэй зэрэг саналуудыг хэлж байлаа.

Сургалтын үеэр Архивын тасгийн дарга хэлэхдээ: Сумууд албан бичгийн стандартыг сайн хэвшүүлж ажиллаж чадахгүй байгаа. Тиймээс Тамгын газрын дарга нар хяналт тавьж, стандартыг мөрдүүлэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг санууллаа. Түүнчлэн Архив бичиг хэргийн ажилтан мэргэшсэн тогтвортой байх ёстой, тэтгэвэрт гарах гэж байгаа ажилтандаа шинэ ажилтнаа дагалдуулж сургах, өнгөрсөн оны архивын баримтыг 1-р улиралд багтаан цэгцлэх, ажилд томилох, ажил хүлээлцэх, тэтгэмж, тэтгэлэг олгох зэрэг тушаалыг тус тусад нь гаргаж байх  зэрэг  мэдээллүүдийг өглөө. Мөн 2017 онд Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой болох учраас бүх сумын Засаг даргын Тамгын газар түүхэн танилцуулгаа архив зүйн үндэслэлээр боловсруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй хэллээ.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Завханчуудын хөгжил дэвшил” үйл ажиллагааны хөтөлбөрт Хууль иргэн бүрт эрх тэгш, шударга үйлчилдэг, хүний эрхийг дээдэлсэн, иргэн бүрийн идэвхи, сэтгэл шингэсэн оролцоог хангасан манлайллыг эрхэмлэсэн сайн засаглалыг бэхжүүлэх  зорилго тавиад байгаа юм. Энэ хүрээнд төрийн үйлчилгээнд цахим, дэвшилтэт технологи нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх төрийн байгууллагын шуурхай байдлыг дээшлүүлэн, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Төрийн албан хаагчдын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар, манлайллыг дээшлүүлэх, ил тод, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэн, төрийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний стандартыг мөрдүүлэх зэрэг чухал зорилтуудыг тавин ажиллаж байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

 

2017-01-07 10:37:18