ЭМГЭНЭЛ
852 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Монгол улсын тайз, дэлгэцийн урлагт өөрийн гэсэн томоохон орон зайг бүтээж, “Өнөр бүл”, “Говь хянганд тулалдсан нь”, “Гэрлэж амжаагүй явна” “Сахиул уу, сахиус уу” зэрэг олон киноны дүрээр ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Монгол Улсын Гавьяат Жүжигчин Чүлтэмийн Алтан-Өлзий нь хүнд өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж Монголын ард түмэн, тэр дундаа төрөлх Завхан нутгийн зон олонд хүнд гарз тохиолоо.

 

Ард түмний хайртай жүжигчин Ч.Алтан-Өлзий нь 1973 оноос УДЭТ-т ажиллаж, зохиолч Д.Мягмарын “Нандин-Эрдэнэ” жүжигт сурагчийн дүр бүтээн жүжигчний гараагаа эхэлж, тайзны 70 гаруй, дэлгэцийн 10 орчим дүр бүтээсэн байна. Тэрээр хамгийн сүүлд 2011 онд “Үл таних эмэгтэй”  киноны таксины жолооч, 2014 онд В.Вампиловын “Хэрээт төгөл” жүжгийн Баохины дүрд тогложээ.

 

 МУГЖ Ч.Алтан-Өлзий нь 2002 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол хүртсэн бөгөөд үндэсний болон сонгодог жүжиг, эмгэнэлт, инээдмийн аль ч дүрд тоглох чадвартай,  үнэн, энгийн байдлыг эрхэмлэж ямар ч дүрийг сэтгэлийн гүнээс бүтээдэг байсныг судлаачид үнэлдэг билээ.

 

Оюуны их энергийн төв Завхан нутгаас төрсөн эгэлгүй их авьяас билигт Монголын Улсын Гавьяат Жүжигчин Ч.Алтан-Өлзийгийн гайхамшигт уран бүтээлүүд,  гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үеийн үед,  мөнх орших болно.

 

Та Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыхаа гэгээн мэлмий дор дахин төрөх болтугай.

 

Хань ижил, үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

 

         Завхан аймгийн ИТХ           Засаг дарга, түүний Тамгын газар

 Түдэвтэй сумын ИТХ              Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

2017-01-09 15:28:02