Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг таниулах, зөвлөгөө, мэдээлэл түгээх, харилцан туршлага солилцох, хүүхдийн хүчирхийллийн тухай ойлголттой болгох зорилгоор “Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал” сургалтыг энэ сарын 09-10-ны өдрүүдэд аймгийн БСУГ ДЗМОУБ-тай хамтран зохион байгууллаа. Сургалтанд Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Б. Жавзанхүү, Хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П. Цэвээн нар урилгаар оролцсон юм. Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А. Шаравжамц, БСУГ-ын дарга С.Ганчимэг нар үг хэллээ.
Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын А, Б танхимуудад зохион байгуулсан бөгөөд Улиастай сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан 54, багш 151, сургууль цэцэрлэгийн ажилчид 111, эцэг эхчүүд 129, Хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 66 нийт 511 хүн хамрагдлаа. Энэ үеэр “Хүүхэд хамгаалал-Боловсролын орчин-Тогтвортой хөгжил”, “Хүүхдийн хөгжил хамгаалалд эцэг эхийн үүрэг хариуцлага”, “Хүүхдийн эсрэг хүчирхийлэл”, “Боловсролын орчинд хүүхэд хамгааллын бодлого”, “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчим”, “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд” сэдвээр тус тус лекц уншиж, хэлэлцүүлэг ярилцлага зохион байгуулсан юм. Түүнчлэн сургалтанд оролцсон төлөөллөөс сургууль, цэцэрлэг дээрээ баг байгуулан сургалтанд хамрагдаагүй багш, ажилчид, эцэг эх, хүүхдүүдэд мэдээллийг түгээж, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллах юм байна.