“ҮНЭЛГЭЭ БА СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
1098 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бүх шатны боловсролын  суралцагчийн мэдлэг, чадварын түвшин, түүний ахиц, амжилтыг үнэлж, дүгнэх болон боловсролын чанарыг үнэлэх түүнд судалгаа хийх явдал өнөөгийн боловсролын тулгамдсан асуудлуудын нэг байсаар байгаа юм. Суралцагчийг үнэлэх үнэлгээ нь боловсролын стандартыг дүгнэх, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын орчин, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт, багшийн ажил сургуулийн үйл ажиллагааг үнэлж, сайжруулах боловсролын үр ашгийг тооцох үндэслэл болдог. Мөн шинжлэх ухааны мэдлэгийн хэмжээ, далайцын өсөлт,  бодит байгаль, нийгмийн ертөнцийн хууль, зүй тогтлууд, танин  мэдэхүйд нэвтрэн орохын хирээр эрдэмтэн, судлаачдаас энэ мэдлэгийг эзэмших арга хэрэгсэл улам бүр нарийн болж байна.  Үүнээс шалтгаалан “Үнэлгээ ба судалгааны арга зүй”  -д суралцахыг багш нар хэрэгцээгээ болгон тодорхойлжээ. Тиймээс “Үнэлгээ ба судалгааны арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулж,  сургалтанд боловсрол соёл урлагийн газрын  мэргэжилтнүүд, Улиастай сумын ерөнхий боловсролын сургууль,  хүүхдийн цэцэрлэгийн 173 багш оролцлоо. Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц нээж үг хэллээ. Тэрээр “...Суралцагчдын үнэлгээ, хүүхдийн хөгжлийн ахицыг үнэлэх нь  өнөө цагийн хамгийн тулгамдаж байгаа асуудлуудын нэг бөгөөд үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар сургалт болж байгаа нь цаг үеэ,  асуудлаа зөв тодорхойлсон сургалт...”  болохыг онцлоод сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Түүнчлэн Жавхлант цогцолбор сургуулийн захирал М.Нямдорж багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь боловсролын байгууллагуудын тэргүүний зорилго гэдгийг онцлон дурьдаад багш нар өөрсдөө манлайлан оролцохыг уриаллаа. 

Урилгаар Боловсролын хүрээлэнгийн судалгааны багийн гишүүн, Азийн хөгжлийн банкны Боловсролын хөгжлийн хөтөлбөрийн үндэсний зөвлөх судлаач П.Оюун (doc.ph),  МУБИС ийн боловсрол судлалын албаны судлаач, боловсролын хүрээлэнгийн судалгааны багийн гишүүн Боловсрол судлалын магистр Л.Цэцэгээ  нар  хүрэлцэн ирж, лекц сургалтуудыг зохион байгуулсан юм.  Сургалтын үеэр онолоос гадна үр дүнтэй дадлага ажлууд хийсэн нь бие биенээсээ харилцан суралцаж, шинэлэг санаа туршлагаа солилцох боломжоор хангагдсан, оролцогчдын хэрэгцээ сонирхолд нийцсэн  сургалт болсон тухай багш нар хэлж байлаа.

 

 

 

2017-01-11 11:11:54