“БАГШИЙН СЭТГЭЛ ХҮҮХДЭД-1” УДИРДАХ АЖИЛТАН, БАГШ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2844 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэх сайн боловсон хүчин бэлтгэхийн тулд багш нарын мэргэжлийн ур чадвар сайн байхаас гадна хүүхдийн төлөө сэтгэлтэй байх ёстой. Тиймээс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг дэмжих “Сайн багш” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр тусгасны дагуу “Багшийн сэтгэл хүүхдэд-1” үйл ажиллагааг Нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуультай хамтран зохион байгууллаа. Тус сургуулийн шилдэг 22 багш Тосонцэнгэл сумд 3 өдрийн  вакумжуулсан сургалт зохион байгуулж, зүүн болон хойд чиглэлийн 14 сумын 15 сургуулийн 500 орчим багш оролцлоо. Энэхүү үйл ажиллагаанд мөн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуулийн захирал, ардын багш, Монгол улсын Гавьяат багш Ү.Маам, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц, аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга С.Ганчимэг, Тосонцэнгэл сумын ИТХ-ын дарга Х.Батсайхан, Засаг дарга дарга Л.Баттулга болон аймгийн БСУГ-ын мэргэжилтнүүд оролцлоо.

Бусад сумын багш нарыг 3-р улирлын амралтаар энэ сургалтанд хамруулах бөгөөд цаашид шат дараатайгаар жилд 2-3 удаа зохион байгуулахаар төлөвлөж байна. Багш нар онлайнаар даалгавар авч өмнөх сургалтынхаа үр дүнг үнэлэх зарчмаар хөгжих юм. Ийнхүү нийслэлийн шилдэг багш нарын арга зүй, ур чадвараас суралцсанаар Завхан аймгийн бүх сумын сурагчдын сурлагын амжилт эрс сайжирна. Оюунлаг Завханчуудын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа чадваржуулах, тэднийг дэлхийд өрсөлдөх чадвартай шилдэг боловсон хүчин болгон хөгжүүлэхийн тулд сайн багш бэлтгэх ёстой гэж үзсэний үндсэн дээр энэ хөтөлбөрийг эхлүүлсэн гэдгийг аймгийн Засаг дарга энэ үеэр онцоллоо.  

Багш нараас ямар судлагдахуун, сэдвээр хичээл заалгах хүсэлтэй байгаа тухай болон заах арга зүйн хувьд тулгарч буй бэршээлийнх нь талаар авсан судалгааны дагуу “Шинэ үе” сургуулийн багш нар хичээлийн хөтөлбөрөө боловсруулж ирсэн байна. Тиймээс багшийн хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурласнаас гадна онол, практикийг хослуулснаараа энэ сургалт ихээхэн ач холбогдолтой болсон гэдгийг багш нар хэлж байлаа. Нөгөө талаас сургалтын менежерүүд нийслэлийн шилдэг сургуулийн арга туршлагаас суралцсан юм.  Сургалтын дараа оролцогч багш нараас судалгаа авахад 100 хувь “Маш сайн” үр дүнтэй болсон тухай үнэлэлт дүгнэлт өгсөн байна.

 

Энэ үеэр “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр Цэцэн-Уул сумын математикийн багш Д.Жавзандулам, Тэс сумын бага ангийн багш Ч.Гүнчин, Тэлмэн сумын бага ангийн багш С.Хонгорзул нар шагнагдсан бол БСШУСпортын яамны Жуух бичгээр Тэс сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багш Э.Уламбаяр, Сантмаргац сумын бүрэн дунд сургуулийн технологийн багш Б.Арвин, Тосонцэнгэл сумын лаборатори сургуулийн мэдээлэл зүйн багш Г.Оюунгэрэл, Цэцэн-Уул сумын бүрэн дунд сургуулийн хөгжмийн багш О.Отгонбаяр нар тус тус шагнагдлаа. Мөн сургалтанд оролцсон сургууль бүрээс нэг багшийг "Итгэл даасан ирээдүйтэй багш"-аар шалгаруулж нийслэлийн тэргүүний "Шинэ үе" сургуулиас туршлага судлах, хамтран ажиллах эрхээр шагнасан юм. Түүнчлэн сурагчдын болон багш нарын холбооны шагналуудыг шилдэг багш нар хүртлээ.

Ийнхүү  аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Сайн багш” хөтөлбөр ирэх 4 жилийн хугацаанд хэрэгжсэнээр багш нарын ур чадвар, сэтгэлгээ өндөр түвшинд хүрч Завхан аймгийн боловсролын салбар эрчимтэй хөгжих юм.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2017-01-18 11:10:27